УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар ХХОАТ-ын 10 хувийг НЭГ ХУВЬ болгох олон нийтийн саналыг дэмжээд, хуулийн төсөл санаачлахаар шийдвэрлэжээ. Энэ талаар хууль санаачлагчид хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Чуулганы хуралдаанаас хүлээж байгаа хүлээлт их байна. УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж байна. Иргэд долоо хоногийн хугацаанд 100 мянган цахим гарын үсэг зурж, дэмжсэн. УИХ-ын гишүүд бид олон нийтийн санаа бодлыг хуулийн төсөл болгох хуулийн заалттай. Энэ саналыг УИХ дахь АН-ын бүлэг бас дэмжсэн. Бид ард түмний төлөөлөл. Залуу үе татварын дарамтад маш их өртөж байна. Бид хэдийгээр хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа ч улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө татварын ачааллыг багасгана гэж амласан. Улсын төсвийн зарлага асар ихээр нэмэгдэж, үүнийгээ орлогоор бүрдүүлж байна.

Жишээлбэл, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 787 мянган иргэний 50 хувь нь буюу 390 мянган хүн 2.2 сая төгрөгөөс доош цалин авч байна. Иргэн 2 сая төгрөгийг гар дээрээ авахын тулд үндсэн цалин нь 2.5 сая байх ёстой. Компаниас нийт 2.8 сая төгрөгийн зардал гаргаж, ХХОАТ-ыг шаталсан 10, 15, 20 хувийн татваруудыг авч байгаа.

Нэг иргэн 2.5 сая төгрөгийн цалинтай бол 221 мянган төгрөгийн татвар төлж байна. Төсвийн зардлыг нөхөх зорилгоор татварын бодлогыг хэрэгжүүлж байна. Татвар төлөгчийн ачаанаас хөнгөлж, төсвийн зардлыг хэмнэх хэрэгтэй. Ингэснээр иргэдийн орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, хөдөлмөрийн идэвхи нэмэгдэх гэх мэт ач холбогдолтой.

Өнгөрсөн 2023 онд улсын төсөв 22.5 их наяд төгрөг байсан бол 2025 онд 33.7 их наяд буюу 11 орчим их наядын зөрүүтэй байна. Нийслэл хотын албан татвар 100 хувь, авто тээврийн хэрэгслийн албан татвар 200 хувь, зам ашигласны татвар 400 хувь нэмэгдсэн. ХХОАТ-ын хувьд, 2022-2023 онд 44 хувиар нэмэгдсэн. Энэ жил энэ татварыг 25 хувь нэмэхээр төлөвлөсөн байна.

Хоёрхон жилийн дотор төсвийн зардлаа 11 их наяд төгрөгөөр нэмсэн юм чинь иргэдийн ХХОАТ-ын 2.5 их наяд төгрөгийг хасахад ямар асуудал үүсэх вэ. Ямар ч асуудал үүсэхгүй. Өнгөрсөн жилийн улсын төсөв буюу 30 их наяд төгрөг дээрээ байхад л иргэдийн татварын 2.5 их наядын зөрүүг хаах нь ээ.

Ажил хийх хүн аргаа олно. Иргэдийнхээ талд зогсох юм уу. Энэ төсөв нэмэгдэж байгаа нь дарга нарт зориулсан төсөв. Гэтэл иргэд үсээ зулгайж, татвар төлж байна. Төрийг цомхотгож, татвараа бууруулна гэсэн ч эсрэг бодлого хэрэгжүүлж байна. Мөн Сэлбэ голын үерийн далан, хоолны фестиваль гээд олон үргүй зардал гаргаж байна” гэв.