Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.05.20/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, Төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгах хүрээнд төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах замаар чадварлаг, зохион чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ гэж заасан байна гээд, есөн хувиар хэрхэн бууруулах талаар тодорхой хариулт хүслээ.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбат, есөн хувь гэдэг нь урьдчилсан тооцоолол. Төрийн чиг үүргийн цогц шинжилгээ хийх процессын дахин инженерчлэл, болон бусад ажлуудыг хийсний дараа ямар байгууллагаас хэдэн хувийг хэрхэн цомхотгох нь тодорхой болно. Төрийн албаны шинэчлэлийн хүрээнд төрийн урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг 24 хувиар бууруулах, төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх зэрэг цогц ажлуудыг төлөвлөсөн байгаа. Яг аль салбараас хэдэн хувь цомхотгох, цомхотголд орсон хүмүүсийг төрийн бус байгууллагууд руу шилжүүлэх, төрийн албан хаагчдыг сэлгүүлэн ажиллуулах, цомхотголд орсон төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх зэрэг төлөвлөгөөнүүдийг ондоо багтаан эцэслэж гаргасны дараа чухам аль байгууллагаас хэдэн хувиар бууруулах нарийн тооцоо гарна гэсэн хариултыг өгөв.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, төрийн бодлогын зорилтууд иргэдэд аль болох ойлгомжтой хүрч байж олон нийт төрийн бодлогыг дэмжинэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын техник хэрэгсэл, ажиллах орчныг сайжруулах, хувцас хэрэглэлтэй холбоотой асуудлууд байнга яригддаг гээд, 2026 оны төсөвт хэрхэн тусгахаар төлөвлөж байгааг тодруулсан.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс байгалийн гамшгийн эрсдэлтэй хүчин зүйлсийг байнга анхаарч, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагад анхаарч ажиллаж байгаа. 2026 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд дэвшилтэт технологи, инновацад суурилсан гамшгаас хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн нэгдсэн систем байгуулах, шаардлагатай дүүрэг сумдад анги салбар шинээр байгуулах, онцгой байдлын техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой тусгасан. Өнгөрсөн хугацаанд гадаад зээл тусламжийн хүрээнд онцгой байдлын салбарын аврах чадавхыг бэхжүүлэх, хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр томоохон төслүүд хэрэгжүүлээд, тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Цаашдаа энэ бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж ажиллана гэсэн хариулт өгсөн юм.

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллагын хувьд өнөөдөр техник, тоног төхөөрөмж, хувцас, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалт дунджаар 50 орчим хувьтай байгаа. Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээ 45 орчим хувьтай. Сүүлийн жилүүдэд Сангийн яам, эдийн засгийн хөгжлийн бодлого хариуцсан салбарын яамд манай байгууллагын төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа. Тэгэхдээ бидэнд хэрэгцээ шаардлага бий. Бидний гаргасан судалгаагаар хэрэгцээ шаардлагыг 100 хувь хангахад 800 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. 2026 оны жилийн төлөвлөгөөнд бид санхүүжилтийг нэмэгдлүүлэн тусгаж өгөөч гэсэн саналыг тавьсан. Ойрын жилүүдэд гамшгаас хамгаалах үйлчилгээг стандартын дагуу хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр гал унтраах анги нийслэлд 15-ыг, хөдөө орон нутагт эрэн хайх, аврах 27 бүлгийг байгуулах үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд ажиллаж байна гэсэн хариулт өглөө.