Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс эрчим хүчний дутагдалтай. Ийм үед экспортын асуудал ярьж байгаа нь хэр бодитой вэ гэж олон хүн асуудаг. Гэхдээ үргэлж ийм байхгүй. Мөн дан ганц уул уурхайгаас олсон орлогодоо түшиглэдэг, бүтээгдэхүүний үнэ унахад эдийн засаг нь дагаад савладаг байдалтайгаар явахгүй. Цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээ гадагш нь экспортлоод эхэлбэл энэ байдал өөрчлөгдөнө. Уул уурхайгаас олж байгаа орлоготойгоо тэнцүү хэмжээний орлогыг эх орондоо авчирна.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн байдлаар 1.7 гВт байгаа. Эрчим хүчний яамтай хийсэн тооцоогоор дахиад 1.5 гВт-ийн хэрэгцээ байгаа. Гэтэл их хэмжээний хөрөнгө оруулалт нь манай зах зээлийг бага гэж үздэг. Яагаад гэвэл, их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийснээр илүү хямд өртөгтэй цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж, борлуулах ийм зах зээл хэрэгтэй байна гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчид тавьдаг. Энэ чиглэлээр та бүхэн санаж байгаа бол Арабын Нэгдсэн улсад Ерөнхий сайдыг айлчлах үеэр бид эрчим хүчний олон улсын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчидтай уулзсан. Тэд “Та бүхэн хөрш БНХАУ-тай яриа хэлэлцээр хийгээд явбал бид их хэмжээний, ингэхдээ тус бүрдээ 10 гВт буюу энгийнээр хэлбэл арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Вьетнам улсын Ерөнхийлөгч айлчилсан. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчид ирж, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Хятадын компаниуд ч энэ талаар нааштай саналууд хэлж, цаашид ногоон устөрөгчийн чиглэлд хамтарч ажиллая. Монголд үйлдвэрлэлээ байгуулъя гэсэн санал тавьж, гарын үсэг зурсан. Энэ гэрээний давуу тал, ач холбогдол их” гэв.
