МАН-ын Бага хурал угтсан салбар хуралдаанууд амжилттай боллоо хэмээн олон нийт АН-ын Үндэсний бодлогын хороо болоод Их хурлыг нь доёолж байна. Хэрүүл, зодоонтой болохгүй бол саналын хайрцгаа аваад зугтчихдаг АН энэ удаад МАН шиг уйтгартай хуралдаж, хойд Солонгос шиг ярсхийтэл О.Цогтгэрэлээ сонголоо. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат, Б.Пүрэвдорж хоёрын нэгийг батлах бололтой.
Лу.Гантөмөр Засгаас гарсныхаа дараахан ҮБХ-г хуралдуулж намын даргаа О.Цогтгэрэлд шилжүүлэхээр тохирсон ч тамгаа өгөлгүй тойроод байснаас болж Л.Гантөмөрийг огцруулахыг шаардсан 168 гишүүний гарын үсэгтэй шаардах бичгийг О.Амгаланбаатарт С.Эрдэнэболд тэргүүтнээр О.Цогтгэрэл хүргүүлсэн гэлцэж байна.
Уг нь Л.Гантөмөр тойрч зугтаагүй бол О.Цогтгэрэл намын дарга болж, Л.Гантөмөр бүлгийн дарга болох тохироотой байсан юм байх. АН-д мөнгөтэй, бас бүлэглэлтэй нь ялдаг бичигдээгүй дүрэм бий. АН-ын гишүүд намын дотоод сонгуулийн үеэр хамгийн их хөлжиж, мөнгөждөг гэх яриаг ч улстөрийн хүрээнийхэн нэгээр тогтохгүй сонссон байдаг. Тэр утгаараа АН-ын дарга хэн болох анхнаасаа тодорхой байсан гэлцэнэ.
Тэсо группийн эзэн Увс бүлэглэлээс гадна Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын дэмжлэгтэй байсан байх. С.Баярцогт УИХ-д сонгогдсон хүн намын дарга болох учиртай гэх мэдэгдлээр О.Цогтгэрэлийг бараг л нэрлэсэн байсан хэмээн улстөр сонирхогчид хэлж байна.
Нөгөөтэйгүүр энэ эр Х.Баттулгын бүлэглэлтэй ч ойр байж ирсэн. 2012-2015 онуудад Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж, улмаар 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг дэвшүүлэхээр чармайсан ч бүтэлгүйтэж байв. Н.Алтанхуяг Х.Баттулгаас гадна С.Эрдэнэ гэх толгой ч түүнд бий.
МАН-ын дэмжлэг, тэр дундаа намын даргын сунгааны өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөгөөр ороод гарсныг ч Төрийн ордныхон хэлж байна.
Тэрчлэн Мондэй фракцаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Хийморь фракцаас УИХ-ын гишүүн Д.Ганбат нарт бүлгийн дарга, салбар хариуцсан сайдын суудал амлаж дэмжлэг авсан гэх мэдээллийг энд дурьдалгүй өнгөрөөвөл хайран. Үнэн ч биз. Үргэлж шүүмжлэлийн байр сууринаас асуудалд ханддаг Б.Пүрэвдорж хачин сайхан дэмжигч болчихсон харайж явсныг бүгд анзаарсан байх.
Тэгэхээр Г.Занданшатарын танхимаас ИЗНН-ыг гаргаад АН-ыг оруулж ирэх нь цаг хугацааны л асуудал болох нь. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт давуу эрхтэй байсан бүлэглэл дүрүүдээ солиод Г.Занданшатар руу шилжиж буй хэрэг.
О.Цогтгэрэл “Ардчилсан нам 2028 он, 2032 оны сонгуульд дараалан ялах амбицтай. Миний хувийн бодол бол АН Засгийн газарт хамтрахыг дэмжихгүй. Гэхдээ нам бол ганц даргынх биш. Нам болон нийтийн институци, төлөөллийн байгууллага. Олонхийн шийдвэр гарвал дарга ч бай хэн ч бай биелүүлэх үүрэгтэй” гэснийг дээрх товч утга руу хөрвүүлэн ойлгож болох юм.
Хөгжлийн банкны асуудалд хөл нь дүрээтэй түүх АН-ын шинэ даргад бий.
Түүний хамаарал бүхий Агь ХХК 4.1 тэрбум, Милко ХХК 750 сая, Тэсо ХХК 2013 онд 5 тэрбум, 2014 онд 2 тэрбумын зээл тус тус авсан байсан нь Хөгжлийн банкны сонсголын үеэр ил болж байсан бөгөөд холбогдох мэдээллүүдийг нь энэ удаад нэхэн шүүрдэхэд гэмгүй байх. Тэрбээр тайлбар өгөхдөө Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Засгийн газар экспорт нэмэх, импортыг бууруулах зорилгоор 888 төсөлд зээл олгох шийдвэр гаргахад өөрийн хамаарал бүхий компаниуддаа нийт 10 гаруй тэрбумын зээл олгуулж байсан хэмээн тодотгож байсныг уншигчид хараахан мартаагүй суугаа биз.
Мань эр женко бүлэглэлтэй жигтэйхэн эвсээд байхгүй ч эвгүй хараад суух кадр бас биш.
Гэхдээ ааш нь хөдөлбөл Л.Гантөмөр шиг өөх ч биш, булчирхай ч биш зан гаргалгүйгээр нэг мөр нөгөө тийш хөнтөрчихөж мэдэх л эр байх.
