Намын дарга нь Ерөнхий сайд, Ерөнхий сайд нь намын дарга гэсэн дүрэм улстөрийн ууган хүчин МАН-ынх. Тэгэхээр Г.Занданшатар Ерөнхий сайд болсон өдрөө л МАН-ын даргын тамга тэмдэг, эрх үүргийг хүлээж авах учиртай.
УИХ-аас Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэх шийдвэр, МАН-ын Бага хурлаас гэрээгээ зөрчсөн намд хариуцлага тооцох зэрэг шийдвэр гарч тэр огцорсон. Намаас нь УИХ-д сонгогдсон гишүүд даргадаа итгэл үзүүлэхээс татгалзана гэдэг намаас хөөсөнтэй ялгаагүй том цохилт, уг нь.
Гэвч гэрээгээ зөрчсөн нам гэдэгт нэр заагаагүй ч АН хөөгдөж, АН Засгаас гарвал ажлаа өгнө хэмээн бардамнаж байсан Л.Оюун-Эрдэнэ аврал эрэн “мөлхсөөр” даруй нэг улирал өнгөрлөө.
Тэрчлэн Бага хурлын гишүүдийн талаас илүүг “эзэмшдэг” гэх Д.Амарбаясгалан андынгаа аврах хуралд хүчгүйдээд, МТАС түншлэлд багтдаг Админерал компанитай байгуулсан гэрээг нь цуцлах чиглэлийг Эрдэнэс Тавантолгойд Л.Оюун-Эрдэнэ өгсөн гэгдээд могой жил үнэндээ л үйл явдлаар арвин байна.
Гэхдээ энэ бүх үйл явдал, тэр дундаа намын тамга тэврээд Намын босгоо алхаж чадахгүй, Их Бага хурлуудаа товлож чадахгүй тойрон яваа Л.Оюун-Эрдэнийн дүр хэн нэгний утсан хүүхэлдэй шиг, түүнийг түүнээс ч том субъект удирдаж үг хэлийг нь зааж зурж буй шиг харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.
Улстөрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын дагуу дүрмээ шинэчлэх шаардлага тулгараагүй бол 2027 он хүртэл тамгаа аваад, магадгүй саналын хайрцаг тэврээд зугтаж ч мэдэхээр дүрэмгүй харагдаж байна.
Тусгаар тогтнолын ордон эл хуль, эгээ л сүнстэй байшин шиг, генсек Я.Содбаатар нь ганцаар амьдардаг шулам эмгэн шиг хэтэрхий удлаа.
МАН-ын дэргэдэх Ардын хүч ТББ-ын тэргүүн Б.Амарсанаа “Манай нам тодорхойгүй шалтгааны улмаас хуралдахгүй байна. 100 гаруй жилийн түүхэнд ээлжит хурлаа зарлаж чадахгүй тохиолдол огт байгаагүй. Анх удаа сонин нөхцөл байдалтай тулгарч байна. Үүнээс болж сонгогчид, тэр дундаа намын гишүүд намын удирдлагууддаа итгэл алдах байдал даамжирлаа. Иймээс ойрын хугацаанд Удирдах зөвлөлөө хуралдуулж Бага хурлыг товлох, Бага хурлаасаа ажлын хэсэг байгуулж Их хурал зохион байгуулахыг шаардаж байна” гэж орилоод ч сонсч байгаа дарга цэрэг тэнд алга.
Эсрэгээрээ нам нь хурлаа товлохгүй байгаа явдлыг Л.Оюун-Эрдэнийн зөвлөх гэж Ц.Нямдоржтой холбож тайлбарлах хэсэг бүлэг ч бий юм.
Л.Оюун-Эрдэнэ Ц.Нямдорж тэргүүтэнд Их хурлын гишүүдийг ирүүлэхгүй байх сонирхол бий гэх бөгөөд намрын ажил эхэлж, улмаар өвөлжилт хүндэрвэл аймаг сумдын намын дарга нарыг Их хуралд ирүүлэхгүйгээр цөөн тоонд хайрцаглах, албан тушаалын яриа хөөрөөгөөр тохируулах нүүдлүүдийг хийж эхэлсэн гэгдэж байна.
Эс бөгөөс Л.Оюун-Эрдэнэд намынхаа Бага хуралд, цаашлаад Их хуралд дэмжлэг авах найдвар тун бага бөгөөд өмнө нь У.Хүрэлсүхийн нөлөөгөөр карьер өгсөх лифтэнд суусан байснаа огцорсон хойноо л мэдэрсэн юм байх. Улмаар Д.Амарбаясгалангаар дэмжлэгээр Бага хуралд жин дарж, сонгуулийн үеийн намын нэрийн жагсаалтаа ч тэдний оролцоотойгоор батлуулж байж.
Гэтэл одоо түүнд Ц.Нямдорж Х.Баттулга хоёроос өөр наашаа гэх нохой ч үлдээгүй бололтой. Ц.Нямдоржийн тухайд хар хорын ухаанаас өөр нөхөргүй бол, Х.Баттулгын хувьд Л.Оюун-Эрдэнийг нам дотроо өндийж чадахгүй бол орхих тактик барина гэдгийг ойрын эх сурвалжаас нь хэлж байна. Л.Оюун-Эрдэнэ өөрөө Д.Амарбаясгалангийн нүүрэн дээр нь найз гээд ар хударгаар нь нүүрсний хулгайч, автобусны луйварчин болгож явсан гэх хар дардастай тул өнөөдөр Д.Амарбаясгаланг дэмжиж гаргачихаад санал хураалтын маргааш дахиад нүүрс, цавчаа ногоон хоёроор нүдэж унагаад намаа авч мэдэх муу хүн гэгдэж буйг дурьдалгүй өнгөрөөвөл хайран. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн гэх нам дамнасан бүлэглэл Их хурлыг дүн өвлөөр тааруулж баринтаглах сүүлчийн мэхээ тооцон өдөр хоног аргацааж байж болзошгүй талаар намынхан нь хэлж байна.
Г.Занданшатарын зүгээс 2026 оны төсвийн тухай хуультай хамтатган Д.Амарбаясгалангийн гарт Админерал компанийн ирээдүйг атгуулчих шиг болов. Л.Оюун-Эрдэнийн өгч байсан чиглэлийн дагуу Эрдэнэс Тавантолгой ХК МТАС түншлэлтэй гэрээгээ цуцлах хүсэлтийг өгсөн ч өнөөг хүртэл эцэслэгдээгүй байсан бөгөөд үүн дээр нь Г.Занданшатар тоглолт хийчих шиг болсон гэсэн үг. Тэр сонголтыг Спикерт өөрт нь үлдээлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд урд хөршийг зорьсон айчлалынхаа бүрэлдэхүүнд Ерөнхий сайд асан Сү.Батболд, УИХ-ын дарга асан М.Энхболд нарыг багтаасан нь улстөрийн сонирхолтой нүүдэл болов. Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамга авсныхаа дараахан Удирдах зөвлөлөөсөө эл хоёр эрхмийг хассан байсныг уншигчид санаж буй биз.
Тэрчлэн Н.Номтойбаярын эвслийг Засагт урих тохироотойгоор МАН доторх залуучуудын хүчийг ашиглах яриа хийгдсэн талаар хэвлэлүүд мэдээлээд эхэлж. МАН-ын хурлуудын дараа Засгийн газарт өөрчлөлт орж АН болоод Н.Номтойбаярын эвсэл албан тушаалын хуваарилалтад оролцох юм байх. Энэ тохиолдолд ИЗНН ХҮН хаачих вэ гэх асуулт оньсого болж тэд хүссэн хүсээгүй Г.Занданшатарт хадаг барьж, хадаас зөөхөөс өөр хувилбаргүй гэлцэж буй юм.
Улсын Дээд шүүхээс батламжлаагүй ч АН одоохондоо О.Цогтгэрэл гэх даргатай байгаа. Түүний батламжлагдах эсэх Ц.Нямдоржоос холбоогоо тасалж чадах эсэхээс нь хамаарах төдийгүй тус намын генсекээр Н.Ганибал улирах уу, С.Баярцогт томилогдох уу гэдэг ч МАН-ын хурлуудаас хамаарна гэдгийг улстөр сонирхогчид хэлж байна. Энэ дунд МАН-ын генсек Я.Содбаатарын карьер ч яригдаад эхэлж. Тэр У.Хүрэлсүхийн анд уу, Х.Баттулгын хэтэвч үү гэдгийг намынхан нь далд хэлэлцэж байна. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг энд тоочих зохимжгүй тул дараагийн дугаарт жич хүргэх нь зүй биз.
Үргэлжлэл бий…
