“Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах” тогтоолын төсөлд нийт 14.4 тэрбум төгрөгийн тодотгол оруулахаар тусгасан байна. Урсгал зардлыг 1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бол хөрөнгө оруулалтын зардалд 13.4 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн гол шалтгаан нь 2025-206 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой юм. Тодруулбал, медлинг түлшний тээвэрлэлт, 32 мянган халаалтын зуух, 45 мянган өрхөд алсын зайн угаарын хий мэдрэгч суурилуулах шаардлагатай байгаа юм.

Ингээд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр буюу энэ долоо хоногт дахин хэлэлцэхээр болсон.