Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газартай боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар санал солилцон, хэлэлцэх зорилгоор Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зүүн, Төв Азийн хэлтсийн дарга Яннис Неопиту тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй дээд боловсролын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль IV” техникийн хамтын ажиллагааны төсөл, мэргэжлийн боловсрол болон техникийн боловсролын салбарын “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төсөл, Германы KfW банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхоны өргөтгөл” санхүүжилтийн хамтын ажиллагааны төслүүдийн явц,үр дүнгийн талаар дүгнэн ярилцлаа.
Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн ээлжит хэлэлцээ 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
