НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “Хүүхэд бүрийг тэгш хүртээмжтэй сургуулийн өмнөх боловсрол”-ын хүрээнд “Таблеттай багш” санаачилгыг хэрэгжүүлж байна.
Энэхүү санаачилгын хүрээнд 19 аймгийн 325 сумын 465 цэцэрлэгийн 504 багшид таблет олгож, 6255 хүүхэд, 6250 эцэг эх, асран хамгаалагч, мөн 218 олон нийтийн төлөөлөл сургалтад хамрагджээ. Энэ нь алслагдсан бүсийн багш нарт дижитал сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан сургалтын чанарыг сайжруулах, хүүхэд бүрд тэгш боловсрол олгоход чухал дэмжлэг болж байна.
Мөн малчин өрхийн болон хилийн заставд ажиллаж, амьдарч буй хилчдийн хүүхдүүдэд гэртэйгээ ойр боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор 2025 оноос “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ хүрээнд Увс аймгийн Давст сумын Боршоо боомт, Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн анги, Төв аймгийн Батсүмбэр сумын шинэ суурьшлын бүс, мөн Үдлэг, Цогт-Өндөр багуудад хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бага сургуулийн барилгыг барьж, шинэлэг сургалтын загварыг турших ажлыг эхлүүлээд байна.
Эдгээр санаачилгууд нь Монгол Улсын алслагдсан бүс нутагт оршин суугаа хүүхдүүд чанартай боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
