Чуулганы өнөөдөр (2025.10.31)-ийн нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ сарын 30-ны өдөр буюу өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн болон “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодод хуваарилсан талаар мэдээлэв. Мөн гишүүн М.Бадамсүрэн нарын долоон гишүүнээс өөрсдийн санаачлан, өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслийг дахин нягталж, хууль хоорондын нийцлийг хангах шаардлагатай тул татан авах хүсэлт ирүүлснийг уншиж сонсголоо. Ингэснээр уг төслүүдийг хууль санаачлагч нар татан авсанд тооцов.

УИХ дахь МАН-ын бүлгээс “Бүлгийн даргыг сонгосон” тухай албан бичиг ирүүлснийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцууллаа. Уг бичигт, УИХ дахь МАН-ын бүлгийн энэ сарын 30-ны өдрийн буюу өчигдрийн ээлжит бус хуралдаанаар тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гишүүн Ж.Батжаргалыг сонгосон тухай мэдэгдсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдсон түүнд чуулганы нэгдсэн хуралдаан даргалагч амжилт хүсэж, суудалд нь уриад, бүлгийнхээ бүх гишүүдийн дэмжлэгийг авч байж ажлаа авна гэсэн тулхтай байр суурь баримталж байсанд нь түүнд УИХ дахь АН-ын нэрийн өмнөөс баяр хүргэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов дараалалд УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох тухай асуудлуудыг оруулаад байсан юм. Эдгээрийг хэлэлцэхийн тулд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг эхний ээлжинд хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Д.Ганбат, Ж.Батсуурь, Ж.Баярмаа нар гаргасан бол Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал нар тус бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлсэн хүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, санал хураалтаар дэмжиж, ажилд нь оруулах нь зүйтэй гэсэн юм. Бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх нь УИХ-ын эрх хэмжээний асуудал тул тусад нь ярих ёстой гээд, харин дэд даргад нэр дэвшүүлэх нь намын бүлгийн ажил тул товд тусгасны дагуу хэлэлцүүлэхийг хүссэн юм. Гэвч УИХ-ын даргын зөвлөлийн хуралд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир УИХ-ын дэд даргыг огцруулах, сонгох, мөн даргын үүрэг хариуцуулах тухай тогтоолын төсөл хэлэлцүүлэх санал ирүүлээд байгааг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулж, уг саналыг хугацаа тулгаж ирүүлсэн тул өнөөдөр хэлэлцэх боломжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн, хэлэлцэх асуудлын дарааллаас хаслаа.