Чуулганы Их Хуралдай танхимд Ерөнхий сайд Г.Занданшатар орж ирснээр УИХ-ын асуулгын цаг эхлэв. Асуулгын цагт АН-ын бүлгийн гишүүд хавчигдсан дундаж давхаргыг дэмжих, хувь хэмжээг нь тэлэх, орлогыг нэмэгдүүлж чинээлэг болгох талаар Засгийн газраас баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа ямар байх тухай сэдвийг хөндөн дэвшүүлсэн юм.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүн амын орлогын түвшинг илэрхийлсэн статистик мэдээллийг танилцуулж, Монгол Улсын хүн амын 1/3 нь ядуу, мөн хэмжээний хүн ам ядуурах эрсдэлтэй, ердөө 20 хувь нь дундаж амьдралтай байгаагийн шалтгаан, төрийн бодлогын алдаа дутагдлыг хөндөж асуулаа. Дэлхийн банкны судалгаагаар инфляцийн түвшин 1.0 хувиар нэмэгдэхэд 350 мянган иргэн ядуурлын түвшин рүү унах эрсдэлтэйг тогтоосон тухай тэрбээр дурдаж, уул уурхайн салбараасаа олсон 100 тэрбум ам.долларын орлогыг яагаад иргэд, хүн амдаа тэгш шударга хуваарилаагүй вэ гэдгийг асуусан юм.

Мөн үнийн өсөлт, хөдөлмөрийн үнэлэмжийн уналт, эрүүл мэндийн шалтгаант ядуурлаас дундаж давхаргыг хэрхэн хамгаалах, халамжаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй нь нэгэнт тодорхой болсон тул эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрхэн өөрчлөх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн юм. Мөн гишүүн С.Эрдэнболд, Ц.Мөнхтуяа, Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан нар хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарын дундаж давхаргынхан төрийн дэмжлэг, бодлогоос хачгдсан байгааг, өрхийн орлого инфляцыг гүйцэхгүй байгаа талаар болон багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн баталгааг зохих түвшинд хангахгүй хойшлуулсаар ирсэн нь дундаж давхаргын томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон эдгээр иргэдийн амьжиргааг ихээхэн дордуулсан тухай, бусад салбарынхны цалин хангамжийг нэмэгдүүлэх, Оюутолгой компаниас авах АМНАТ-ийг тус уурхайн олборлож буй эрдэс, баяжмалд агуулагдах үнэт метал тус бүрээр бодитой тооцож авах, уул уурхайн өгөөжийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, хөгжлийн өэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг 30 хувь нэмэгдүүлэх, баялгийн хулгайтай тэмцэх ажлынхээ хууль, эрх зүйн орчныг бий болгох, төгрөгийн ханшийг нэмэгдүүлэх, дотоодын аж ахуйн нэгж, ажил эрхлэгчдийг нэн тэргүүнд ажлаар хангах, эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг зарчмын болон бодлогын асуудлаар асуулт асууж, Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нараас тодорхой хариулт авлаа.

УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхий сайд бүр өмч хувьчлалыг эхлүүлсэн үеэс эхлэн төрийн бодлого, эдийн засгийн бүтэц алдагдсан нь өнөөгийн нийгэм, эдийн засагт ихээхэн хүндрэлтэй байдлыг бий болгоод байгааг дурдаад, өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэгчдээ дэмжих, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах замаар дундаж давхаргын эзлэх хувийн жинг 2026 оны түвшнээс 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгаад байгаагаа танилцуулсан юм. Баялгийн хулгай, авилгатай тэмцэж, дотоодын үйлдвэрлэл, бизнесийг дэмжих, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, улс орны төлбөрийн чадвар, санхүүгийн чадавхийг тогтвортой сайжруулах замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, инфляцыг тогтоон барьж, өрхийн орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа болон Ерөнхий сайд Г.Занданшатар дэлгэрэнгүй танилцуулж, энэ бүхнийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Хууль зүй, дотоод хэргийн саыйд Б.Энхбаяр нарийвчлан тайлбарлав.