Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүхийн Тамгын газар хамтран “Улс төрийн намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэхэд анхаарах асуудал” уулзалтыг өнөөдөр (2025.11.07) зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улс төрийн нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлж, Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэх юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяатай өнгөрсөн есдүгээр сард Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй холбоотой цаг хугацааны болон бусад нөхцөл байдлын талаар саналаа илэрхийлж хуулийн хэрэгжилтийг хангах талаар намуудад нэгдсэн байдлаар арга зүйн зөвлөмж өгөх хүсэлт тавьсны дагуу зохион байгуулсан уг уулзалтад Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 27 намын төлөөлөл оролцлоо.

ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛАА ХАНГАЖ, ИРГЭДИЙН УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ, ИДЭВХ ОРОЛЦООГ ДЭМЖИХ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨВ
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлын талаар мэдээлэл өгөхдөө Сонгуулийн ерөнхий хорооны болон намынхаа цахим сайтад хуульд заасан нээлттэй мэдээллийг байршуулах, тухай бүр шинэчлэхийг анхаарууллаа.

Улс төрийн нам цахим хуудастаа дараах баримт бичиг, мэдээллийг ил тод, байршуулж, тухай бүр шинэчилнэ:

1.намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдэг;
2.намын дүрэм;
3.намын хөтөлбөр;
4.намын сонгуулийн мөрийн хөтөлбөр;
5.намын гүйцэтгэх төв байгууллага оршин байгаа газрын хаяг;
6.намын даргын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
7.намын ерөнхий нарийн бичгийн дарга, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтны ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
8.намын удирдах дээд, төлөөллийн төв, гүйцэтгэх төв болон хяналтын байгууллагын дарга, гишүүний ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
9.намын утасны дугаар, цахим шуудангийн хаяг;
10.намын гишүүний тоо;
11.намын болон харьяа байгууллагын санхүүгийн тайлан;
12.намын үйл ажиллагааны товч тайлан;
13.нам аймаг, сум, нийслэл, дүүрэгт салбар нэгжтэй бол тэдгээрийн нэгжийн даргын ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
14.намын бүтэц, зохион байгуулалт;
15.намын үйл ажиллагааны мэдээлэл;
16.бусад мэдээлэл.

Эдгээрийн 1-12 дугаарт заасан мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим сайтад байршуулахаар хуульчилсан.

Нийт сонгогчийн 1 ба түүнээс дээш хувийн санал авсан нам, эвсэл МҮОНРТ-ээр улирал тутам 30 минут намын хөтөлбөр, үйл ажиллагааныхаа тухай нэвтрүүлэг нэвтрүүлэх, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглах шууд бус дэмжлэг авах эрхтэй. Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газар энэ оны эхэнд МҮОНРТ-ийн удирдлага болон бусад байгууллагууд, улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзалт хийж шууд бус дэмжлэг үзүүлэх хуваарь гаргасан. Хуваарийн дагуу МҮОНРТ-д нэвтрүүлгээ хүргүүлж, заал танхимд уулзалтаа зохион байгуулахыг зөвлөлөө.

Улс төрийн нам иргэдийн улс төрийн боловсрол, идэвх оролцоог хөхүүлэн дэмжих чиг үүрэгтэй бөгөөд намын бодлого боловсруулахад зөвлөх, судалгаа хийх, намын гишүүдийг сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих бодлогын судалгааны байгууллагыг дэргэдээ ажиллуулахаар хуульчилсан. Мөн төрийн санхүүжилтийн 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад зарцуулах үүрэгтэй. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Сонгуулийн ерөнхий хороо “Улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, санхүүгийн тайлан гаргах үйл ажиллагааны сургалтын хөтөлбөр”, “Улс төрийн намын үйл ажиллагааны ил тод байдал, шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны сургалтын хөтөлбөр”, “Улс төрийн боловсрол сургалтын жишиг хөтөлбөр”-ийг тус тус баталсныг танилцуулсан юм.

УЛС ТӨРИЙН НАМААС ИРҮҮЛСЭН ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА

Улсын дээд шүүхийн Тамгын газрын Бүртгэлийн албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Оюунгэрэл улс төрийн намаас ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэх хугацаа, ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Улс төрийн намаас ирүүлсэн өргөдөл нэг хоногийн дотор Бүртгэлийн албанд шилжих бөгөөд уг алба агуулгаас нь хамаарч 10-30 хоногт холбогдох ажиллагааг явуулж, дарааллын дагуу танхимд шилжүүлдэг аж. Жишээлбэл, намын дарга болон дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн дагуу 10 хоног ажиллагаа явуулж танхимд шилжүүлсний дараа танхимын тэргүүний туслах шүүгчид хуваарилдаг. Шүүгч бүртгэлийн албаны шилжүүлсэн өргөдлийг 5 хоногийн дотор танхимын хуралдаанд танилцуулж, Ерөнхий шүүгч танилцуулгыг хүлээн авснаас хойш 15 хоногт багтаан нийт шүүгчийн хуралдаан зарлахаар журамлажээ.

Харин Нийт шүүгчийн хуралдаанаас зөрчилтэй гэж үзсэн асуудлаар зөрчлөө арилгаагүй дахин хандсан, бүрдэл хангуулахаар тогтоосон хугацаанд зөрчлөө арилгаагүй, процесс нь илт зөрчилтэй тохиолдолд Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас өргөдлийг буцаадаг аж. Түүнчлэн бүртгүүлэхээр хандсан асуудал нь намын дүрэмд нийцээгүй, хуулиар намын дүрэмд зайлшгүй тусгахыг шаардсан зохицуулалтыг орхигдуулсан, хуульд заасныг дүрэмд өөрөөр тусгасан, Нийт шүүгчийн хуралдаанаас заасан зөрчлийг арилгаагүй үндэслэлээр Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаас татгалзаж байгааг мэдээлэв.
ШАЛГАХ ХУУДАСТ ЗААСНААС ӨӨР БҮРДЭЛ ШААРДАХГҮЙ

Улс төрийн намуудаас намын дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр эсхүл улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ирүүлж буй өргөдлийг буцааж шийдвэрлэсэн тогтоол, шийдвэрүүдийг судлан нэгдсэн, нэг мөр ойлголтыг дотоод ажлын хүрээнд бий болгох зорилгоор намуудаас ирүүлсэн өргөдөл, хавсаргасан материалыг хянах “Шалгах хуудас” үүсгэж, уг хуудаст заасан бүрдлийн дагуу хянан шалгаж байхаар Нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэснийг Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа мэдээлж, анхаарах асуудлын талаар арга зүйн зөвлөмж өглөө.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын хувьд:

Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан үйл ажиллагаа нь тухайн намын хүчин төгөлдөр дүрэмд нийцсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-1”;

Намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-2;

Шинээр үүсгэн байгуулагдсан намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн хувьд:

Нам үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-3”;

Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-2т заасан бүрдлийн дагуу хянан шалгах аж.

“Шалгах хуудас”-т зааснаас өөр бүрдлийг Улсын дээд шүүх шаардахгүйг Танхимын тэргүүн онцлов. Дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан үйл ажиллагаа нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм, журмын дагуу батлагдах шаардлагатайг зөвлөлөө. Тухайлбал, шинэчлэн батлах эрхтэй этгээ баталсан эсэх, хурал зарлах, гишүүдийн оролцоог хангах зэрэг хурал хуралдсан процесс нь одоо мөрдөж байгаа дүрэм, журамтайгаа нийцсэн эсэх зэрэг зохион байгуулалтыг “Шалгах хуудас 1”-д зааснаар шалгах аж.
Харин “Шалгах хуудас 2”-оор дүрэм, хөтөлбөрийг хуульд нийцүүлсэн эсэхийг хянана. Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасан шаардлагыг дүрэм, хөтөлбөртөө нэг бүрчлэн тусгаж батлахыг анхаарууллаа.

Шинээр нам үүсгэн байгуулах тохиолдолд процесс, дүрэм, хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцсэн эсэхийг “Шалгах хуудас 3”-т зааснаар хянан шалгах аж.

Дээрх мэдээллийг авсны дараа улс төрийн намын төлөөллүүд Улсын дээд шүүхийн шүүгчдээс асуулт асууж, өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодрууллаа. Мөн Улсын дээд шүүхийн холбогдох мэргэжилтнүүд намуудтай биечлэн уулзалт холбогдох зөвлөгөө өгөх, Нийт шүүгчийн хуралдаанаас намын дүрэм, хөтөлбөрийн үлгэрчилсэн загвар баталж өгөх зэрэг хүсэлт гаргасан юм.