Х.Булгантуяа Парламентыг, нам улстөрчдийг талцуулан зовоож байхаар өөрөө өргөдлөө өгөөд хууль тогтоох дээд байгууллагын хаалгыг гаднаас нь хаавал зөв жишиг. Үндсэн хууль зөрчих гэж буйг хүний өөрийн намын туршлагатай парламентчид сануулсаар байхад үйлдэл хийсэн хүнийг өмгөөлөх, өмөөрөх өнцөг олдохгүй нь үнэн. Цэцийн их суудлын хуралдаанаар ч түүнийг Үндсэн хууль зөрчсөн гээд дүгнэчихлээ. Одоо өөр юу хэрэгтэй гэж. Үндсэн хуулийг үл дээдэлбэл хуулийн хариуцлага хулээнэ хэмээн тангараг өргөчихөөд хариуцлага хүлээлгүй намаас тавигддаг дэд дарга гэх улстөрийн албан тушаалаас буусныгаа шийтгэл мөн гэж үзвэл Төрт улс, түмэн олноор дагаж мөрдөх хуультай байгаад яах юм. Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж дугнэснээс бус хариуцлага тооцох тухайд хэлэлцээгүй гэх эргүүтлээр зарим нэг гишүүн хаацайлах аядаж буй нь эмгэнэл. Үндсэн хуулиа зөрчсөн хэн ч бай Төрийн хуулийн цээрлэл хүлээх, хүртэх нь гарцаагүй хэрэг. Гэтэл Үндсэн хууль зөрчигчтэй холбоотой асуудлаар төрийн ажлыг гацааж, УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч буй нь завхрал юм. Эл ичгүүргүй байдал хүрээгээ тэлж холбогдох асуудал нь улстөрийн наймаалцал болон ирэх оны төсвөөр барьцаалагдаж байгааг төрийн түшээд хэлж байна.
Уг нь АН-ын гишүүд Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөхөөс гадна гишүүнээс нь эгүүлэн татахыг шаардаж байгаа.
ЗӨВ!!!
Дэд даргын суудал бол намынх нь хариуцлага болохоос хуулийн хариуцлага биш. Тиймээс ТӨР улсаа дээдэлдэг хэн ч бай Үндсэн хууль зөрчигчдөд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж таарна, шаардаж ч байна.
Энэж долоон хоногт АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дуусна. Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа ч дуусч байна. Харин МАН-ын Их хурал эхэлнэ.
Муухай сценариар буулгачихлаа хэмээн Хууль тогтоох дээд байгууллагын индрээс инээд алдсан буусан Х.Булгантуяагийн асуудал дээрх давхцлуудад дарагдаад өнгөрнө гэвэл МАН, цаашлаад УИХ тарах нь зөв юм. Угаас МАН-ыг татан буулгах Х.Баттулга Ерөнхийлөгчийн захирамж бий. Нөгөөтэйгүүр, Улстөрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ гэж заасны Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн хэсэгт Х.Булгантуяад хамаатуулсан Цэцийн дүгнэлтийг оноон тохож ч болмоор.
Тэгэхээр Х.Булгантуяа гэх хүнд хоргодож үлдэх шалтаг огт харагдахгүй байгааг хэлэх хэрэгтэй.
МАН-ын эмэгтэйчүүдээс лифтээр өгсчихөв үү гэмээр албан тушаал ахисан нь Х.Булгантуяа. Намын Нарийн бичгийн даргаар гурван жил ажиллаад Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Боомтын сайд, намын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч, эцэст нь УИХ-ын дэд дарга гэхчлэн өгссөн үү гэхээс уруудаагүй. Түүний өгсөлтийг аав С.Хүрэлбаатараар дамжуулсан нам дамнасан бүлэглэлийн дэмжлэг гэлцдгийг энд тэмдэглэхэд илүүдэхгүй биз. Х.Баттулга болоод Бодь группийн салж хагацашгүй эрх ашиг гэгддэг агаарын тээврийн салбар дахь ашиг сонирхлоос Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатарыг салгаж ойлгох боломжгүй ч гэдэг. Арга ч үгүй. МИАТ ТӨХК-ийн анхны захирал, ИНЕГ-ын дэд дарга, МИАТ ТӨХК-ийн Япон дахь төлөөлөгч, Изинис эйрвэйз ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан эл эрхмийг Зам тээвэр аялал жуулчлалын салбарын үе үеийн сайд дарга нараас салгаж ойлгох амаргүй байдаг биз. Түүнийг МИАТ ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсоныхоо дараа жил охиноо МАН-ын нарийн бичгийн даргаар томилуулсан гэлцэх намынхны нь дотоод жиг жугийг ч яалтай.
Тэрчлэн Х.Булгантуяагийн намтарт олон улсынхны нүүрийг харамгүй бараан түүх ээжээс нь улбаалан бичигдсэн талаар ч нэг хэсэг хэвлэлүүд шуугиж байв.
Ээж Г.Оюунгэрэл нь Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлсэн төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа охин Х.Булгантуяагаа зөвлөхийн албан тушаалд хууль бусаар ажилд авч, төслийн мөнгөөр цалинжуулж байсан хэмээн буруутгагдаж, Дэлхийн банкнаас Монголд хэрэгжүүлэх ямар нэг төсөлд оролцохгүй байх хоёр жилийн сахилгын шийтгэл авч байсан талаар эргэлт.мн сайт нотлох баримттайгаар бичиж байсныг уншигчид санаж буй биз.
Дэлхийн банкны Шийтгэлийн зөвлөлийн 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 78 дугаар шийдвэрт “Т.Оюунгэрэл Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “3803-MOG” төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа өөрийн охиныг цалинтай дадлагажигчаар ажилд авч, улмаар зөвлөхөөр ажиллуулах гэрээ хийн цалинжуулж байсан нь Дэлхийн банкны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмуудыг зөрчиж байна” хэмээн дурьдсан байдаг аж. Энэ мэтчилэн аав ээжийн нөлөө, нам дамнасан бүлэглэлийн дэмжлэгээр МАН-ын эмэгтэйчүүдийн хүрч үзээгүй олон суудалд суусан гэгддэг ч энэ удаад тэр улстөрийн хариуцлага хүлээгээд өөрөө өргөдлөө өгчихвөл АН МАН-ын бүлгүүд түмэнд зүхүүлэн талцах зовлонгоос салж төрийн ажил урагшлах буяны үүд нээгдэх юм.
Тэр хууль мэдэхгүй ч Сангийн дэд сайд байсныхаа хувьд ирэх оны төсөв, түүний дараахь үр дагаврыг эрхбиш мэднэ гэж найдна.
Тэрчлэн дэд даргаас буух нь намын бүлгээс тооцож буй хариуцлага болохоос Үндсэн хууль зөрчсөн асуудалд нь хүлээлгэх хуулийн хариуцлага биш юм.
Энэ улсын иргэн хэн ч бай хуулийн өмнө тэгш эрхтэй, тэгш ялтай байх ёстойг эрхэм парламентчид энэ өдрүүдэд хатуу санах нь зүй.
