УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 132 дугаар зүйл, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийг баримтлан Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.16) 10.00 цагт Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг УИХ-аас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасны дагуу УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд Санжаагийн Наранцогтын нэрийг дэвшүүлжээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129, 132 дугаар зүйлийг баримтлан зохион байгуулах бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцохоор урьдчилан бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдрийн сонсголд оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
