Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.12.23) Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, товлосон гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдаан даргалагч дэгийн дагуу ирц, товыг танилцуулснаар хуралдаан эхэлсэн. Энэ өдрийн хуралдаанд тус Байнгын хорооны 29 гишүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Т.Аубакир, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, П.Сайнзориг, П.Ганзориг, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ж.Батжаргал, Б.Чойжилсүрэн, Р.Батболд, Ч.Номин, З.Мэндсайхан, Дав.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Г.Ганбаатар, Д.Пүрэвдаваа нарын 18 гишүүн хүрэлцэн ирж, 62.1 хувийн ирцтэй хуралдлаа.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан товын дагуу Төсвийн байнгын хороо энэ удаа гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс 2025.12.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх болон үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудитын тайлан, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайлан гэсэн гурван асуудлыг хэлэлцэхээр товлосныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Хэлэлцэх асуудлын талаар санал гаргах гишүүн байгаагүй тул Байнгын хорооны хэлэлцэх асуудлын товд өөрчлөлт орсонгүй, үргэлжлүүлэн хуралдлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг тус хуралдаанд танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасан. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тэлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй өндөр өртөг бүхий томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр гадаад төслийн зээл авч ашигласан ба Япон улсын зээлээр “Шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төсөл”, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын зээлээр “Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны автозам барих төсөл”, Азийн Хөгжлийн банкны зээлээр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. 2025 оны байдлаар УИХ-аар соёрхон батлагдсан, хэрэгжилтийг Засгийн газар хариуцаж байгаа нийт 17.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 72 төслийг хэрэгжүүлж, эдгээрээс 5.3 их наяд төгрөг буюу 29.6 хувийг ашигласан, 2025 онд 1.5 их наяд төгрөгийг ашиглахаар 2025 оны төсвийн тухай хуульд баталсан. Эдгээр төслийн 82 хувь нь 2025-2028 онд хэрэгжиж дуусахаар гэрээ, хэлэлцээртэй байгаа нь гэрээний хугацаанд санхүүжилтийн ашиглалтыг нэмэгдүүлж, төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай талаар илтгэв.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах, импортын хараат байдлыг бууруулах ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангаж, жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”, иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэгтэй “Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд анхаарч, санхүүжилтийг шийдвэрлэх гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэв. Тиймээс Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн төсөл нь 10 зүйлтэй бөгөөд уг анхдагч хуулийг төслийг баталснаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүйгээр үл барам, олон талын ач холбогдолтойг онцоллоо. Тухайлбал, Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарлыг бууруулах, валютын гадагшлах урсгал эрс багасах, 2300 гаруй ажлын байр нэмэгдэх, улсын хөгжлийн бодлогын зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх тооцоолол гаргаснаа төсөл санаачлагч танилцуулгадаа дурдсан.

Гадаад зээллэгийн санхүүжилт нь Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн томоохон эх үүсвэр төдийгүй үндэсний хэмжээний дэд бүтцийн сүлжээг бүрдүүлэх, нийгмийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, төсвийн богино хугацааны ачааллыг бууруулах, гадаад зээллэгийн төслүүдийг дагаж салбаруудад шинэ техник, технологи, инновац, ноу-хау нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болгох ач холбогдолтой. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг дагалдуулан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох шаардлагагүй хэмээн хууль санаачлагч Н.Алтаншагай танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Ч.Номин, П.Сайнзориг, Дав.Цогтбаатар, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Н.Алтанхуяг, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, үг хэлэв. Тэд улс орны хөгжилд нэмэртэй томоохон төслүүдийг дэмжинэ. Цаашид нэг удаа гал унтраах маягаар ажиллах ёсгүй, төсөвт өртөг өндөр хэрнээ үр ашиггүй төслөөс зайлсхийх чухал гэсэн байр суурийг асуулт дундаа илэрхийлж байлаа. Товчхондоо бизнесийн зарчмаараа явж байгаа Сэлбэ дэд бүтэц зэрэг төсөлд төр оролцох шаардлагагүй гэсэн юм. Цаашид ийм хуулийг парламент батлах ёсгүй гэдгийг ч тодруулсан юм.

Зээлийг аль болох хурдан хугацаанд эргэлтэд оруулж, ашиглалтыг үр дүнтэй байлгахыг зорьж байгаа, 116 төслийн хувьд тухайн жилд бага хэмжээний төсөв баталдаг нь жишээлбэл, газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүндрэл учруулж буй. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт товлосон хугацаандаа, зохих гүйцэтгэлтэй явагдаж байгаа хэмээн Сангийн яамны төлөөлөл танилцуулсан. Улаанбаатар хотын хэмжээнд зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төслүүдийн гүйцэтгэлийн явц байдлын талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай товч тайлагнав. Нийслэлийн хувьд газар чөлөөлөлт, дэд бүтцийн инженерийн шугам сүлжээг холбох зэрэг нь асуудалтай, ихээхэн хугацаа шаардсан ажил байдаг гэв.

Төсвийн байнгын хорооны гишүүдийн асуултад холбогдох яамдын төлөөлөл тухай бүр хариуллаа. Ийнхүү хэлэлцэх үед намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах болсон тул Байнгын хорооны хуралдаан түр завсарлаад үргэлжлүүлэн хуралдсан юм.

Гишүүд үг хэлсний дараа, Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаан Үндэсний аудитын газрын тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.