Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа.

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орны нэг болоод байгаа бөгөөд сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэж, ган, зуд, үер, шороон шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж эрс өсөж байгааг сайд танилцуулгадаа онцлоод 2023-2024 онд зудын улмаас 9.1 сая толгой мал хорогдож, эдийн засагт 2.8 их наяд төгрөгийн хохирол учирсан нь уур амьсгалын өөрчлөлтнь байгаль орчны төдийгүй эдийн засаг, хүн амын амьжиргаа, үндэсний аюулгүй байдлын асуудал болсныг харуулж байна гэв.

Монгол Улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Гэвч өнөөг хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой харилцааг салангид бодлого, салбарын хуулиудаар зохицуулж ирсэн бөгөөд нэгдсэн суурь эрх зүйн орчин дутмаг байгаа тул хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, арга хэмжээг нэгдсэн тогтолцоонд оруулах, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилт болон нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бий болгоход чиглэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 эх орондоо зохион байгуулах гэж буй энэ цаг үед уур амьсгал, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжлийн асуудлаарх үндэсний манлайллаа бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах эрх зүйн суурийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой гэж С.Амарсайхан сайд танилцуулгадаа тодотголоо.

Хуулийн төсөл батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн засаглал, салбар дундын зохицуулалт сайжирч, олон улсын санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, карбон зах зээлийн эрх зүйн орчин бүрдэх, орон нутгийн дасан зохицох чадавх бэхжих, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн С.Ганбаатар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Үндэсний зохицуулагч байгууллагын үр дүнг хэрхэн тооцож буй талаар болон төслийн 23.4 дэх заалтад карбон зах зээлийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч бүртгэлийн системд бүртгүүлэхтэй холбоотой дөрвөн төрлийн тодорхойлолтод авахаар тусгасанд холбогдох судалгаа хийсэн эсэхийг тодруулсан.

Үндэсний зохицуулагч байгууллага зах зээлийн зохицуулалтыг нэн тэргүүнд хийх бөгөөд энэ нь шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллага биш. Харин Цаг уур, орчны шинжилгээний  байгууллага уг бүтцийг авч явна. Ингэснээр төрд ямар нэгэн төсвийн дарамт үүсгэж, орон тоо нэмэхгүй гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хариулав. Мөн энэ байгууллага уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, тайлагнал карбон зах зээл, санхүүжилт, олон улсын үүргийн хэрэгжилтийг нэгтгэн уялдуулах чиг үүрэгтэй байх юм. Үр дүнд нь хүлэмжийн хийн тайлагналын чанар сайжирч улмаар Үндэсний тодорхойлсон хувь нийгмийн зорилтын хэрэгжилт хангагдана гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Түүнчлэн тэрбээр хуулийн төсөлд туссан дөрвөн төрлийн тодорхойлолтын тухайд Уур амьсгалын өөрчлөлтийн суурь судалгаа, Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн үнэлгээ, Эмзэг байдлын үнэлгээ, Гарз хохирлын үнэлгээнүүдийг хийхээр байгааг дурдсан. Мөн Үндэсний тодорхойлсон зорилтод нөлөөлөхгүй гэх тодорхойлолтыг гаргаж өгснөөр энэ зах зээлийг тодорхой, давхардсан бүртгэлгүй болгож байгаа юм гэж байлаа.

Эцэст нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.