Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж шилжүүлсэн эрүүгийн 2502000000531 дугаартай хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байна.
“М” компанийн менежер Т нь 2025 оны 11 дүгээр сард тус компанид хамаарах зөрчлийн хэргийг ашигтай байдлаар шийдвэрлүүлж, татвар төлөхгүй байхын тулд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга З.Оргилд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан цагаан өнгийн дугтуйнд хийсэн 5500 ам.доллар буюу 20 000 000 төгрөгийн хахуулийг санал болгон албан өрөөний ширээн дээр нь тавьжээ. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга З.Оргил нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн асуудлын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн байна.
Дээрх асуудалд холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэн, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар иргэн Т-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулж, авлигын эрсдэлийг бууруулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх ажлыг тасралтгүй тогтмол зохион байгуулдаг. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн дарга З.Оргил нь төрийн албан хаагчийн авлигаас ангид байх зарчмыг ёсчлон дагаж, авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.
