Зэвсэгт хүчний 339-р дүгээр ангийн байлдагч хоорондоо маргалдаж, бэртэл авсан талаар Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнууд өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.
Энэ талаар Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Баянхонгор аймаг дахь барилгын инженерийн цэргийн харьяа ангид өнгөрөгч амралтын өдөр бие биедээ үл захирагдах буюу хугацаат цэргийн хоёр алба хаагч харилцааны зөрчил гаргасан. Тэр зөрчлөөс болоод нэг цэрэг бэртсэн.
Барилгын цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулаад энэ сарын 23-ны шөнө Цэргийн төв эмнэлэгт авч ирээд үүссэн шархыг косметик оёогоор оёулсан. Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн байсан. Анхны тусламж үзүүлэхдээ эвгүй оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраа яаралтай авч ирээд косметик оёдол шаардлагатай гээд гэр бүлтэй нь тохирч, ийнхүү оёулсан байгаа.
Одоогийн байдлаар тухайн хугацаат цэргийн алба хаагчийн биеийн байдал хэвийн, ухаан санаа нь орж гараагүй байгаа.
Тухайн үед буюу 17:10 цаг гэхэд Баянхонгор нэгдсэн төв эмнэлэг дээр тэр цэрэг хүргэгдсэн. Тухайн өдрийн анги дээр харуул манаанд гарч байсан алба хаагчид 10 минутын хугацаанд цэргийг эмнэлэгт авч очсон. Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байна. Одоогоор юугаар яаж зүссэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй.
Мөн эл үеэр Зэвсэгт хүчний хяналт, үнэлгээний газрын дарга, Бригадын генерал С.Баяр-Очир “Хагас, бүтэн сайн бол амралтын өдрүүд. Цэргүүд үдээс хойш амарч байдаг. Энэ бол хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал. Ямар нэгэн офицер ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье. Энэ хоёр хүүхэд нэг нутгийнх гэж явдаг, хоёулаа Завхан аймгийнх. Хамгийн дотно хоёр найз үл ялих шалтгаанаас болж маргалдаад зүй бус харилцаа үүссэн байна.
Батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оны ялгаа гэдэг зүйл олон жилийн цэрэгтэй байхад оршиж байсан байх магадлалтай одоо бол байхгүй. Цэргүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа. Цэргийн ангийн байранд хурц үзүүртэй зүйл байхгүй. Одоо бол зориулалтын татуураг өгдөг.
Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авна” гэлээ.
