Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж, уг санд 2023.10.05-ны өдрийн байдлаар 12,8 тэрбум төгрөгийг орлого төвлөрүүлээд байгаа аж.
Мөн Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, 2021 оноос тогтмол 8.0 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байгааг дурдаад хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, төрөл хэлбэр, үйлчилгээнд суурилсан санхүүжилтийг холбогдох аргачлал, нормативын дагуу олгох боломжтой болсон.
Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтийг авч үзэхэд, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,883 тэрбум, 2023 онд 5,7 тэрбум, шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая, 2023 онд 348 сая, урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум, 2023 онд 1,8 тэрбум төгрөг тус тус хуваарилсан. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан. Цаашид холбогдох хууль, журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллана. 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөгийг тусгаад байна гэдгийг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ онцолсон.
2020 онд хийсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр нийгмийн ажлын чадавх сул, мэргэжлийн удирдлага хангалтгүй, кейс менежментийн арга зүйг тодорхой болгоогүй, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, авах хариу арга хэмжээ, үйлчилгээ хөгжөөгүй, үйлчилгээний зураглал тодорхойгүй, хүний нөөц, санхүүгийн нөөц дутагдалтай, хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээллийг багтаасан хүүхэд хамгааллын дижитал мэдээллийн удирдлагын систем хөгжөөгүй зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг тодорхойлсон. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр, цаашлаад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулахаар ажиллаж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж, хэлэлцүүлгүүд өрнүүлж байна гэж байлаа.
Хүүхдийн эрх, хамгааллын талаар цаашид авах арга хэмжээний талаар салбарын сайд мэдээлэлдээ, Хүүхэд, гэр бүлийн салбарт хүний нөөцийн тогтвортой байдал алдагдсан, цалин урамшуулал, нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлууд хийгдээгүй өнөөг хүрснийг дурдаад сум, хорооны хамтарсан багийн гишүүдийн 60 гаруй гаруй хувь нь солигдож, зарим хороо, суманд нийгмийн ажилтангүй, хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлэх ажил орхигдож байгааг онцолсон.
