МАН-ын парламент дахь бүлэг болон Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшүүлэгчээ тодрууллаа.  Удирдах зөвлөлийн хурал эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн С.Амарсайхан нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг тус зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын даргад нэр дэвшүүллээ. Ийнхүү УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “УИХ-д суудалтай таван намын зөвшилцөл, ойлголцлыг хангах, Засгийн газар бодлого үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулахад нь дэмжлэг үзүүлж ажиллах, МАН-ын бүлгийн дотоод эв нэгдлийг хангахад анхаарч ажиллана гэж төлөвлөж байна.

Сандал ширээ, албан тушаалын төлөө би энэ суудалд очихгүй. Тиймээс би УИХ-даргын албан тушаалыг ямар нэгэн шат, гишгүүр болгохгүй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлье.

“Намын дарга Ерөнхий сайд болбол бид бусад бүх асуудлыг дэмжинэ” гэж зөрчилдөж байсан гишүүд маань байр сууриа илэрхийлсэн. 68 гишүүнийг нэг цул байлгах гэж, намынхаа эв нэгдлийг хангах зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл одоо эв нэгдлээ хангах зорилгоор хэмээн дахиад албан тушаал, сандал ширээний асуудал ярьж байгаа нь зохимжгүй байна” гэв.