МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргын асуудал дээр тохиролцож чадахгүй байсаар хурлаа нэг өдрөөр хойшлуулсан.

Төрийн тэргүүн энэ удаад Н.Учралыг намын даргын хувиар УИХ-ын дарга хэн байхыг, кабинетаа хэрхэн бүрдүүлэхийг бие даан шийд хэмээгээд хойш суусан гэгдэж байна. Гэхдээ Ерөнхийлөгч сул нүүдэггүй. Түүний шийдвэр бүрийн ард хол ойрын тактик заавал байдаг.

Одоогоор спикерийн суудалд С.Бямбацогт, С.Амарсайхан, Б.Жавхлан нарын нэр тунасан байдалтай. Олон сонгогдсон, сайд, байнгын хорооны даргаар ажилласан туршлагаараа С.Бямбацогт илүүрхээд зогсохгүй Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнийн гэх бүлэглэлээр түлхүүрдүүлэн намынхнаа хайрцаглаж эхэлсэн талаар өчигдрөөс шивэр авир хийж байна.

С.Амарсайханы тухайд Д.Амарбаясгалангийн хөзөр. АН-гүйгээр УИХ-ын ирц бүрдүүлж Г.Занданшатарыг чөлөөлөх нюансыг зурсан гэх Д.Амарбаясгалан нам намуудын дотоод нүүдлийг нааш цааш болгож, Н.Учралын араас намаа удирдаад эхэлсэн гэгдэж байгааг хэлэх нь зүй. Тэр С.Амарсайханыг УИХ-ын даргын суудалд суулгахаар У.Хүрэлсүхээс дэмжлэг хүссэн байж таарна.

Тус намын Удирдах зөвлөлийн зарим нөхөд УИХ-ын даргын суудлыг Л.Энх-Амгаланд санал болгосон ч өнөөх нь Боловсролын сайд болохыг илүүд үзсэн мэдээллийг энд дурьдах нь зөв байх. Ман эр Засгийн газарт ажиллахыг илүүд үзээд зогсохгүй сайдын суудалд очно гэсэн бат итгэлтэйгээр салбарын асуудалд оролцож, яамныхныг ч хөдөлгөж эхэлсэн гэгдэж байна. Тэгэхээр тоглох тоглоомоо хэдийнэ олж гэрийн хатавчинд хөдөлгөөнгүйгээр суугаад авсан Л.Энх-Амгаланг спикерт горилогсдын нэрсээс хасаад цааш сонирхьё.

Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Жавхланг УИХ-ын дарга болгох санал бүлэг орчмоос гарсан, гаргасан ч байх.

Энэ хэсэгт нэгэн сонирхолтой мэдээллийг хавчуулахгүй бол хайран болно.

Н.Учрал УИХ-ын Тамгын газрын болон хэвлэл мэдээллийн төвийн зарим ажилтнаа дараагийн даргад шилжүүлэн ажиллуулахаар тэнд нь үлдээсэн гэх тунчиг сонин мэдээлэл бий. Дарга солигдоход Тамгын газар хэвлэлийн болон санхүүгийн албатайгаа солигддог нь жам. Тэгэхээр Н.Учралын гэх нөхөд дараагийн даргатай ажиллана гэгдээд үлдсэн байгаа нь асуудал хэдийнэ шийдэгдчихсэн, өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал ёс төдий нээгээд хаачих үзэгдэл байх бололтой.

Ж.Энхбаярын тухайд Х.Нямбаатарын оронд очиж Нийслэлийн намын хороог удирдах мэдээлэл байна. Хотын даргын өрөөг суллах шаардлага зохих хүндээ хэдийнэ очсон бөгөөд шаардлагад эгдүүцсэн Х.Нямбаатар гол өгсөж уруудан жагсч, тийшээ ч иргэд рүү орилон ийшээ ч гишүүдийг зандран угтаж буй нь тэр юм байх.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хотын орлогч дарга Т.Даваадалайгийн биед халдан хэвлэл болоод олон түмний нүдэн дээр ёсгүй авирласан явдлыг ч санаандгүй гэж үзэхэд хэтэрхий үнэмшилгүй байгааг хэлэх хэрэгтэй. Түүний ёс зүйн асуудал УИХ-ын гишүүний дархан эрхтэй холбогдож, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл ус агаар шиг хэрэгтэйг харуулсан үзүүлбэр шиг харагдсаныг нуух юун. Үзүүлбэрийг MCS Бодь групптэй “хамтран” бүтээсэн нь сонирхолтой.

Зарим улстөрчид эл явдлыг Г.Занданшатар огцорч MCS бүлэглэл ууртай байгаагийн илэрхийлэл гэлцэж байна. Хэрэв тийм бол MCS бүлэглэл Бодь групп руу “ноцдог” нь тохиолдлын хэрэг биш л байх.

Энэ бүгдээс гадна дотоодын зах зээл дэх бүх төрлийн түлш шатахууны борлуулалтын үнэ биднээс үл хамааран нэмэгдэх, улмаар улсын төсвөө давтагдашгүй хүчин зүйлийн улмаас дахин харах, зарим хэсэгт тодотгох нөхцөл байдал үүссэн, нефтьттэй холбоотой бүх тендер болоод нийлүүлэлтийн асуудлыг шуурхайлан шийдэж өгөх аминд тулсан цаг ирчихээд байхад Н.Учрал кабинетаа бүрдүүлэхгүй, Засгийн газраа хуралдуулахгүй байгаа явдлыг АН-тай холбоотой гээд хэлчихэд төдийлөн хол зөрөхгүй биз.

Н.Учралын Засгийн газарт АН орохын тулд О.Цогтгэрэлээ огцруулах акц дотооддоо өрнүүлээд эхэлсэн. Арга ч үгүй биз. Айсуй хоёр том сонгуулийн өмнө аяга цай, алга дарам сурталчилгааны таван цаастай болохыг хэнчиг л хүснэ. Зайрманы үнээр сонгуульд ялна гэж ч юу байхав, зайрмаг долоолцсонгүй гээд МАН-д гомдоод ч хаа хүрэхэв. Улстөрд уяндаа уян, хатуудаа хатуу явж л карьер өсөхөөс бус О.Цогтгэрэл шиг гэдийсээр байвал доор нь дараатай жоншнууд хэдий хүртэл тэсэх билээ. Тэр намын дарга нь УИХ дахь бүлгийн дарга байж болохгүй гэх шаардлыг Н.Учралын зүгээс АН-д хаясан яс хэмээн үзэж байх шиг байгаа юм. Хэтэрхий том төсөөлөл, хэтэрхий том хардлага л энэ байх. Аз болоход Н.Учрал одоохондоо сөрөг хүчиндээ яс шидэх хэмжээний тоглогч, улстөрч болж чадаагүй байна. Тэр томхон группийн гүйцэтгэх захирлын хэмжээнд л гүйж яваа гэчихэд бараг ононо. Улстөрч уурладаггүй юм. Харин Н.Учрал ууртай байгаа. Захирал, дарга нар нь уурладаг юм. Л.Оюун-Эрдэнэ эхэндээ ийм л байсан.

Тэгэхээр О.Цогтгэрэлийг чамлах, чадвал сольчих хүсэл намынханд нь л байгаа хэрэг. Зайрмагнаас жонш илүү гэх үзэлтнүүд олон шүү дээ.

Тиймээс спикер хэн байх дээр тохирч чадахгүй байна гэдэг АН-ыг хүлээсэн шалтаг төдий л зүйл байх.