Афганистаны баруун хэсэг, Ираны хилийн ойролцоо өнгөрөгч бямба гаригт 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлт болсон. Улмаар газар хөдлөлтөөр олон зуун хүн амь үрэгдээд байна. Газар хөдлөлтийн голомт Гератаас баруун хойд зүгт 40 км зайд байжээ.
Талибаны засгийн газар энэхүү байгалийн гамшгийн үеэр амиа алдсан хүний тоо 2,400 давсныг өчигдөр буюу ням гарагт зарлажээ. Харин “The Guardian” цахим хуудаснаа мэдээлснээр, 2060 хүн нас барж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн юм.
Герат нь Ираны хилээс зүүн тийш 120 км зайд оршдог бөгөөд Афганистаны соёлын нийслэлд тооцогддог. Энд ойролцоогоор 1.9 сая хүн амьдардаг.
Өнгөрсөн оны зургадугаар сард Афганистаны зүүн хэсгийн уулархаг нутагт Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 1000 гаруй хүн амиа алдаж байжээ.