Төсвийн мөнгө уйлж хайлж, сүйд болох биш дээ. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээн дэх бүтээн байгуулалтын шороон хана, өрсөн чулуу 26.2 тэрбум төгрөгийн төсөвтэй гэнэ. Энэхүү ажлын үерийн уснаас хамгаалах даланг “Пристиж инженеринг”, “Билгүүн Монгол констракшн” 20 тэрбум төгрөгийн төсвөөр босгосон юм байх. Харин “Сила Монголиа” ХХК эргийн тохижилтыг 6.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа гэх.
Гэхдээ голын хоёр талын эргээр эгнүүлж өрсөн чулуу нь хэдэн жилийн настай байх бол. Мөн эрэг дагуух мод, ургамлыг нь цөлмөж, огтлохгүй хэвээр нь үлдээсэн бол байгалийн жамаараа үерийн урсацыг сааруулах байлаа. Тэгвэл ядаж өрсөн хэдэн чулуу нь хэдэн жил болох байж.
Үнэндээ нэг удаагийн хүчтэйхэн борооны үер явахад л энэ хэдэн чулуу нь талын нэг тараад, ихэнх хэсэг нь Баянмонгол хорооллын наад талын эргэдэг хэсэг дээр очоод боочих янзтай харагдана. Сэлбэ гол хэдхэн жилийн өмнө яаж давж хальж байлаа. Нэг л өдрийн үерт урсаад өнгөрөх шороон далангаа бүтээн байгуулалт, тохижилт гэж хэлэхээсээ төрийн дарга нар нь ч тэр, хувийн хэвшлийнхэн ч ичих нүүр, хэлэх үгтэй суудаг болоосой. Иргэдийн нүдийг цемент, шороогоор хуурч чадах ч байгалийн гамшигийг хэн “авлигадаж” чадахгүй байлтай…
