Чуулганы өнөөдрийн (2026.04.23) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан тухай танилцууллаа. Төрийн нууцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороонд, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүн Д.Бум-Очир энэ сарын 21-ний өдөр өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын боловсруулж, 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа. Хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, хэлэлцэхийг дэмжсэн юм.
Ажлын хэсэг хуулийн төслийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэгийг энгийн ойлгомжтой, салаа утгагүй болгон найруулж, “сорьц, хүйн эд, үндэсний хүлээх жагсаалт” зэрэг зарим нэр томьёоны тайлбар болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээг үзүүлэх зохицуулалт нэмж, эсийн ангиллыг тусад нь зүйл болгож, эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банкны тухай зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн амьд донорт тавигдах шаардлага, амьгүй донорыг илрүүлэх, бүртгэх асуудлыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэн томьёолж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Истанбулын тунхаглалын зарчмуудыг тусган, энэ үйл ажиллагааны удирдлагын тогтолцоо, оролцогч эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүдийн чиг үүрэг, уялдаа холбоог нарийвчлан тодорхойлж, нийт 70 гаруй зарчмын зөрүүтэй санал бэлтгэсэн байна.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, А.Ганбаатар, Д.Бум-Очир, П.Наранбаяр, О.Саранчулуун нар хуулийн төслийн нэр, амьгүй донорын гэр бүлийн гишүүдээс авах зөвшөөрөл, одоо үйлчилж буй эрх зүйн зохицуулалт, донор хүлээж буй иргэдийн дараалал, хуваарилалт, хүртээмж, шударга байдал, гэнэтийн тохиолдолд зөвшөөрлийг шуурхай авах арга хэмжээ, бурхан болоочийг хүндэтгэх уламжлал, ёс заншилд нийцүүлэх, донор хүүхдийн насны хязгаар, хүүхдээс эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгахад түүний өөрийнх нь хүсэл зоригийг хүндэтгэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөн ярилцсан байна. Мөн био банкны сургалт, судалгааны чиг үүрэг, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ эрхлэгчдийн тоо, эмчилгээний төлбөр, донорын тэтгэмж, асаргаа сувилал, амьгүй донорт хандах ёс зүйн хэм хэмжээ, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан тусгай мэргэжлийн төв, тархины үхэл тодорхойлох мэргэшсэн багийн талаар асуулт асууж, хариулт авчээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлийн хүмүүсийн санал, зөвлөмжийг хуулийн төсөл боловсруулахад сайтар тусгаж ажиллахыг зөвлөж, Малчны тухай хуулиар зохицуулсан тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх асуудал Засгийн газрын журам гараагүйгээс хэрэгжилгүй, хугацаа нь дууссаныг сануулсан юм. Иймд хуулийн дээрх заалтыг нэг жилийн хугацаагаар сунгах санал санаачилгыг гаргаж ажиллахаа тэрбээр илэрхийллээ. УИХ-ынгишүүн Д.Энхтүвшин эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах асуудал хариуцсан байгууллага байгуулах төсөв, санхүүжилт болон эрэлт хэрэгцээнд тохирсон хүчин чадлыг бий болгох тооцоо судалгааны талаар асууж, хариулт авсан бол гишүүн Г.Ганбаатар хуулиар зохицуулах харилцааны хүрээ ихээхэн өргөн гэдгийг дурдаж, хариуцлагын тухай асуудлыг хөндсөн юм. Эрхтний наймаа цэцэглэж болзошгүйг тэрбээр анхааруулж, энэ асуудал болон аюулгүй байдал, технологийн нууцлал, найдвартай байдлыг хуульчилсан зохицуулалт, түүний үйлчлэлийн талаар асууж, хариулт авсан юм. Мөн тэрбээр, олон нийт, ард иргэдийн үзэл хандлагыг дээшлүүлэхэд анхаарах шаардлага байгааг санууллаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг хуулийг хэрэгжүүлэх, хүлээлгийн жагсаалт, дарааллыг шударга, ил тод явуулах, үүнд хөндлөнгөөс нөлөөлөхгүй, хүний хүчин зүйлс орохгүй байх, эд, эрхтнээ арилжаалах зэрэг буруу ойлголт олон нийтийн дунд гарч болзошгүй сөрөг үр дагаварыг хааж, хуульд ийм утга агуулга байхгүй гэдгийг ойлгуулах, хөдөө, орон нутгйин иргэд хэрхэн эмчилгээнд хамрагдаж болох, мөн Монгол Улсад хийж байгаа эмчилгээ үйлчилгээний төрөл, цар хүрээ цаашид хэрхэн өргөжих талаар тодруулж байлаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал донор болохоо илэрхийлэх асуудлыг хуульчлахдаа илэрхийллийг өргөжүүлэх боломжийг харгалзан шийдвэрлэх боломжтой байсан эсэх, гишүүн А.Ариунзаяа донорын оршуулгын тэтгэмжийг олгох эх үүсвэрийг тодорхой болгох тухай, гишүүн Х.Баасанжаргал, хүний эрхийг хангахтай холбоотойгоор эрх зүйн дүн шинжилгээ хийсэн, эсэх, донорт шийдвэрээ гаргахад ямар мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, түүнд зүй бусаар нөлөөлж, ятгасан эсэхийг хэрхэн шалгаж, илрүүлэх тухай зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж байгаа талаар асууж, тодорхой хариулт авсан юм. Мөн гишүүн Б.Батбаатар энэ үйл ажиллагааны эрх зүйн орчин хэрхэн боловсронгуй болох, хэрэгжилтийн үйл явцад ямар шинэлэг зохицуулалт сууж буй болон хүний эрх, бага насны донор, хөдөө, орон нутагт хүрэлцэж үйлчлэх хүртээмж, амьгүй донорын урамшууллыг эргэн харах зэрэг асуудлуудыг хөндөж ярьсан бол гишүүн М.Мандхай эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний төлбөрийг инфляц, вальютын ханштхай уясан нь зөв, эсэх, эмчилгээний дараах асаргаа, сувилгаа, түүний зардал, санхүүжилтэд нэмэр болох, тэтгэмж тусламж олгох, эсэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүргийг хуульд тусгасан эсэх талаар асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа амьд донороос эрхтэн, эд, эс шилжүүлэх талаар манай улсын эмч, мэргэжилтнүүд тодорхой үр дүнд хүрээд байгааг ярьж, амьгүй донороос шилжүүлэн суулгахад түлхүү анхаарал хандуулж буй дэлхий дахины жишигт нийцэж ажиллахад хэрхэн анхаарах болон хүйн эд, үүдэл эсийг ашиглах харилцааны талаар тодруулж, хууль батлагдсантай холбогдуулан гаргах журмуудыг үзэл баримтлалаас гажуулалгүй сайтар боловсруулж батлах, мөн иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, зөвөөр ойлгуулахад анхаарч ажиллах шаардлагатайг сануулсан юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй байр суурь илэрхийлж үг хэлэх болон ажлын хэсгээс боловсруулсан 72 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор явуулах санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар хийхээр хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ.
