Нийслэлийн болон орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг нэмэгдүүлж, засвар, шинэчлэлтийг хийх нэрийдлээр төсвөөс халааслагчид Улаанбаатар зам засвар арчлалтын газар үүрлэсэн юм биш биз.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн тавиулууд хуулийн байгууллагад шалгагдах боллоо. “Зэс Эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид Э.Бат-Амгалан сайдыг хариуцлага хүлээхийг шаардаж, Төрийн ордны гадна хэдэн сар шахам суулт хийж буй. Нийслэлийн намын хорооны дарга болохоор санаархаад бүтэлгүйтсэн Э.Бат-Амгалангийн тавиул нийслэлийн харьяа газруудад олон. Тэдний нэг нь Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү.
Б.Галхүү нь 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан нэгэн. 2020 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Харин НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болж, Н.Баярмөнх нь Засаг дарга болж, Д.Батсайхан нь “Нийслэлийн нутгийн захиргааны цолцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа” УТҮГ-ын даргаараа үлдэж, ганц хоосон хоцорсон Б.Галхүү Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын даргаар зүтгүүлэн томилуулж байв. Тэр цагаас хойш энэ байгууллагын санхүүгийн сахилга бат алдагдаж, эдгээр нөхөд төрөөс төрсөн тэрбумтангуудын жагсаалтыг нэмсэн гэхэд хилсдэхгүй.
Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан Н.Лхагвасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэднийг ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас удаа дараагийн үйлдлээр 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр шалгаж буй.
Тухайн байгууллагын асан орлогч Б.Алгаа ч Э.Бат-Амгалангийн хүн. Тэрбээр 2016.10.13-нд Улаанбаатар зам засвар, арчилалтын газар ОНӨААТҮГ-т албаны даргаар ажилд орж байжээ. МАН засаглаж, өнөөгийн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Б.Алгааг тус байгууллагад шургуулсан нь тэр. Удалгүй буюу 2019.05.06-нд Б.Алгаа тухайн байгууллагын орлогч дарга болсон дэвшсэн бол 2020 оны сонгуулиар Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд тухлах болсон байдаг. Гэтэл эл байгууллагад эрхэм сайдтан хүргэн дүү Б.Алгаагийн хамаарал бүхий Б.Даваасамбууг ч ХАБЭА- ажилтнаар шургуулж амжсан байдаг. Б.Даваасамбуу хэмээх эрхэм хатагтайг эрхлүүлэх гэж байгууллагын приус 20 машиныг амин хувьд нь ашиглуулахаар барахгүй бензин тосыг нь хүртэл байгууллага даадаг гэж байгаа.
Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ариунболд, Б.Даваасамбуу нар нь нийлж урд хөршөөс бараа татаж, төсөвт байгууллагад өндөр үнээр шахдаг нь хуулийн байгууллагынхны хараанд орсон бололтой. Ажилчдынх нь хэлж байгаагаар тэд Эрээн хотоос бэлэн мөнгөөр бараа татаж, байгууллагадаа өндөр үнээр шахаж дадсан аж. Гадаад паспортыг нь нээх төдийд халуун орноор зугаалсан, урд хөршийг хэдэнтээ зорьж, “шахаагаа” оруулж ирсэнийг нь тоолж болохуйц гэнэ билээ.
Д.Ариунболд, Б.Даваасамбуу нар удаа дараа өндөр өртөгтэй Япон, Турк гэх мэт гадаадын орноор аяладаг. Аялаад эзгүй байсан хугацааныхаа цалинг бүтэн авдаг гэдгийг ч ажилчид нь хэлж байгаа юм. Мөн Д.Ариунболд нь тендер зарлахгүй өндөр дүнтэй худалдан авалт хийдэг. Санхүүгийн сахилга бат алдагдаж, байгууллагын мөнгийг өөрийн хувь компанийн хөрөнгө мэтээр аяглаж, бэлнээр барьж гүйж, бараа материал татах, худалдан авалт хийх нь энгийн үзэгдэл болсон. Д.Ариунболд нь Морингийн давааны хайргаар хэрхэн хөлжсөн түүхийг ч дараагийн нийтлэлдээ хөндөх тул түр орхиё.
Хүний нөөцийн дарга Д.Ариунболд, ХАБ Б.Даваасамбуу нарыг өөрсдийнх нь боломж, цалингаас хулгай хийхээ больж, ажлаа өгч, хуулийн байгууллагад шалгуулахыг Улаанбаатар зам засвар арчлалтын газрын ажилчид шаардаж эхэлсэн байна. Эл асуудлыг Нийслэлийн Засаг дарга болон АТГ-ын 11-10-т уламжлахаар ярьж байгаа талаараа ч мэдээлэл өгсөн юм.
