Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл “Хууль бусаар ан агнах”-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн 24 хүнд холбогдох 16 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Ховд аймгийн прокурорын газраас:

-М.А, М.А нар нь бүлэглэн оны 2025.08.24-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэр, улсын тусгай хамгаалалттай газраас зохих зөвшөөрөлгүйгээр, Засгийн газрын 2012.01.11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан, Ховор амьтны жагсаалтад орсон, 1 тооны аргалийг агнаж, Toyota Prius загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026.03.20-ны өдөр хянан хэлэлцээд, М.А, М.А нарыг бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ховор амьтны түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сая төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд тус бүрээс нь 22,2 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

-Д.Э нь 2025.10.14-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр   1 тооны аргалийг галт зэвсэг ашиглан хууль бусаар агнасан, мөн 2025.11.23-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутаг дэвсгэрт буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын бүсэд зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр, Ховор амьтны жагсаалтад орсон,  1 тооны зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан, “Пажеро” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн,  Ховд аймгийн Жаргалант суманд өөрийн гэртээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2026.05.11-ны өдөр хянан хэлэлцээд Д.Э-г улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохиролд 55,7 сая төгрөгийг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн (бусдын өмчлөлийн) үнэ 4 сая төгрөг, галт зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.