Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мансуурсан” зөрчил үйлдсэн хүнд торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан байдаг. Тодруулбал хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн,
олж авсан, эсхүл худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээдэг бол дээрх гэмт хэргийн шинжийг хангаагүй, мансуурсан буюу хэрэглэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг гэсэн үг. Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэгт донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенц, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэл ордог.
Нийслэлийн прокурорын газраас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг, зөрчилд дагнан хяналт тавьдаг. Он гарснаас хойш “мансуурсан” зөрчилд хэчнээн хүн холбогдон шалгагдсан бэ?
Нийслэлийн прокурорын газраас Хар тамхитай тэмцэх албаны Мөрдөн шалгах газрын Зөрчил шалгах хэлтсийн эрх бүхий алба хаагчдын шалгаж буй “мансуурсан” зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьдаг.
Сүүлийн 3 жилийн байдлаар мансуурсан зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалж үзэхэд 2024 онд 172, 2025 онд 221, 2026 оны эхний 5 сарын байдлаар 65 зөрчлийн хэрэгт холбогдсон нийт 627 хүнд шийтгэл оногдуулснаас 177 хүнд торгох, 450 хүнд 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Шүүхээс шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийг насны ангиллаар нь авч үзвэл 21 хувь нь 18 хүртэлх насны, 48 орчим хувь нь 18-25 хүртэлх насныхан байна. Тодруулбал, Зөрчилд холбогдогч нарын 69 хувь нь 25 хүртэлх насныхан байгаа нь анхаарал татаж байна. Нийт холбогдогчийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид 18 насанд хүрээгүй хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
“Мансуурсан” зөрчил үйлдэж байгаа иргэдийн хувьд сэтгэцэд нөлөөт ямар төрлийн бодисыг зонхилон хэрэглэж байна вэ?
Мансуурах зөрчилд холбогдогчдын 57 хувь “өвс”, “мөс” зэрэг бодис, 13 хувь нь эмчилгээний зориулалттай эм, 30 хувь нь ахуйн хэрэглээний будаг шингэлэгч, газ үнэртэж мансуурсан байна.
Ямар шалтгааны улмаас мансуурах зөрчил үйлдэгдэж байна вэ?
Хэдийгээр мансуурсан зөрчил үйлдсэн иргэнд албадан сургалтад хамруулж, баривчлах, торгох зэрэг шийтгэл оногдуулдаг ч цаашид үүсэх үр дагавар, хор хөнөөл нь асар их юм.
Мансуурсан зөрчил үйлдсэн холбогдогч нар нь анх удаа сонирхож хэрэглэсэн, найз нөхдөөрөө хамт байхдаа дарвиж, хэрэглэж үзсэн, сэтгэл санаа тавгүй байсан, өөрийгөө удирдаж чадахгүй дахин хэрэглэдэг гэх мэт шалтгааныг хэлсэн байдаг.
Гэвч аливаа бодис, эм бэлдмэл хэрэглэх нь донтуулж, эрүүл мэндийг дахин сэргэх боломжгүйгээр доройтуулж, сэтгэцэд нөлөөлдөг гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Зуны цагт залуучуудад чиглэсэн олон арга хэмжээ, урлагийн тоглолт болдог. Энэ үеэр дээрх төрлийн зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Мансуурах зөрчлөөс урьдчилан сэргийлж, аливаа сэжигтэй бодис хэрэглэхгүй байх, бусдын ятгалгад автахгүй байж, хувь хүн бүр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Мөн нөгөө талаас эцэг эхчүүд, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, найз нөхдийн хүрээллийг нь мэддэг байх, мансуурах зөрчил, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл бодисын талаарх ойлголттой байж, хор уршиг, үр дагаврыг тайлбарлаж, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.
