Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.06.24) хуралдаанаар Засгийн газраас 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч Б.Уянга танилцуулав. УИХ энэ сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэнтэй холбогдуулан нэр томьёог жигдэлж, Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн тогтоолын заалтын дугаарыг нийцүүлж өөрчлөн, бүтэц, найруулга, латин хөрвүүлэгт холбогдох хууль зүйн техникийн засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Гишүүд дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзснээр “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2025 онд 30 их наяд 303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их наяд 331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1 их наяд 27.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ний 1.1 хувьтай тэнцэж байна.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 145 байгууллага, 6 төсөл, сан, төрийн өмчийн 10 аж ахуйн нэгж нийт 161 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 696.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, үүнээс урсгал зардалд 556.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 106.5 тэрбум төгрөгийг зарцуулсныг тэрбээр танилцууллаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 30 төсөл, арга хэмжээнд 106.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 84.7 хувийн биелэлттэй гарсан байна.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Төрийн аудитын тухай хууль болон Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тэрбээр тоймлон танилцуулсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 94 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 49 байгууллагад дүгнэлт гаргаж, 45 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 43 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлтийг тус тус өгчээ.
Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 31.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 12.8 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 53 албан шаардлага хүргүүлж, 19.8 тэрбум төгрөгийн зөрчилд 70 зөвлөмж өгч, 0.01 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 3 албан шаардлага хүргүүлж, 1.6 тэрбум төгрөгийн 3 асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Өмнөх оны аудитаар алдаа, зөрчлийг арилгах 8.9 тэрбум төгрөгийн 5 албан шаардлага, хариуцлага тооцуулах 1 албан шаардлага хүргүүлснээс, хэрэгжилт 80 хувьтай гарчээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын төсвийн багцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 64.8 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 48 төсөл, арга хэмжээг 2025 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөснөөс 16.8 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 27 төсөл арга хэмжээ буюу 56.2 хувь нь тухайн онд бүрэн хэрэгжсэн байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 65 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 53 байгууллагад дүгнэлт гаргаж, 12 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан болохыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 35 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 18 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлтийг тус тус өгсөн гэв. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 215.4 тэрбум төгрөгийн 200 зөрчил илэрснээс 0.07 тэрбум төгрөгийн 31 төлбөрийн акт тогтоож, 109.4 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 87 албан шаардлага хүргүүлж, 18.9 тэрбум төгрөгийн зөрчилд 80 зөвлөмж өгч, 87.0 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 2 албан шаардлага хүргүүлсэн байна.
Өмнөх оны аудитаар 80.7 тэрбум төгрөгийн 2 албан шаардлага, 6 зөвлөмж өгснөөс биелэлт 57.6 хувьтай гарсныг тэрбээр дурдлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 51.9 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 44 төсөл, арга хэмжээг 2025 онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөснөөс 21.4 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 37 төсөл арга хэмжээ буюу 84.1 хувь нь тухайн онд бүрэн хэрэгжжээ.
Дээр дурдсан аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудыг тодрууллаа. Тухайлбал, төсвийн ерөнхийлөн захирагч нь жилийн төсвийн төслийн саналыг боловсруулахдаа улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцүүлж, тухайн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, түүнд зарцуулах төсвийг үнэн зөв төлөвлөж, бодитой тайлагнахад анхаарах шаардлагатай гэв. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, бүртгэх, үр дүнг үнэлэх үе шат бүрд төсвийн ерөнхийлөн захирагч болон оролцогч байгууллага, албан тушаалтнуудын хяналт, хариуцлагыг сайжруулах; агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос өмнөх онуудад хэрэгжүүлсэн зарим төсөл арга хэмжээний үр дүнг дүгнээгүй, дуусаагүй асуудал давтагдан гарч байхад ижил төстэй арга хэмжээг хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавьж, үр дүнг үнэлж хэвших шаардлагатай гэжээ.
Мөн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн байдлын тайлан дахь бусад эргэлтийн хөрөнгө дансанд хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон ашиглалтад орсон хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлээгүй, ажлын гүйцэтгэл, санхүүжилтийг үе шат бүрээр бүртгээгүй зэрэг зөрчил илэрч байгаад дүн шинжилгээ хийж, эрх бүхий төрийн байгууллагад хандан асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн болохыг Ерөнхий аудитор танилцуулав.
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн Монголбанкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй Чингис хаан банканд байршиж байгаа 6.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх ажил удаашралтай байгаад анхаарал хандуулж, төвлөрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдлаа. Салбарын хэмжээнд хэрэгжиж байгаа гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, төсөл, хөтөлбөрийн нэгжийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахад анхаарал хандуулах шаардлагатай гэв.
Түүнчлэн төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн аудитын шийдвэрийн хэрэгжилтэд анхаарч, аудитын шийдвэрийн болон хууль, тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүн шинжилгээ хийж, цаашид гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх талаар холбогдох байгууллагуудад чиглэл өгч, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь заалтын хэрэгжилтийг бүрэн хангуулж, дотоод хяналтын тогтоолцоог сайжруулах шаардлагатайг дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын санхүүгийн тайлангаар нийтлэг гарсан алдаа зөрчлийг танилцуулсан юм.
Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх Сангийн сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан гишүүн М.Мандхай, Б.Жаргалсайхан, П.Батчимэг нар асуулт асууж, төсвийн ерөнхийлөн захирагчид болон ажлын хэсгээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн.
Ийнхүү Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь “Шинжээч томилох тухай” Байнгын хорооны тогтоолыг төслийг хэлэлцэхэд гишүүн М.Мандхай хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргалаа. Уг саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 52.9 хувь нь дэмжиж, хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон дөрөв дэх асуудал нь Уур амьсгалын өөрчлөлтийн тухай төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан бөгөөд холбогдох асуудлыг хэлэлцэж дууссан тул хуралдааныг нээлттэй горимд шилжүүлсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Э.Болормаа танилцууллаа.
Засгийн газраас энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ сарын 10 өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас хуулийн төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна. Энэ дагуу УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 23-ны өдөр хуралдаж, чиглэл өгсөн таван асуудал тус бүрийг хэлэлцэн, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлтгэн томьёолжээ. Тухайлбал, хуулийн нэр томьёоны тодорхойлолт, үг, хэллэг, найруулгыг энгийн ойлгомжтой байдлаар жигдлэн томьёолж, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийг эшилсэн хэсэг, заалтыг хасаж, зарим нэр, томьёоны тодорхойлолтыг хуульд хэрэглэгдэх давтамж, агуулгаар нь эрэмбэлэн, хуулийн төслөөс хасах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
