“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2025.11.07-ны өдөр УИХ-ын даргад Улаанбаатар хотын газар олголтын нөхцөл байдалд хяналт, шалгалт хийх түр хороо байгуулж, нэгдсэн дүгнэлт гаргах тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Улаанбаатар хотын нийт иргэдийн 10 орчим хувь нь газраа өмчилж авсан. Улаанбаатар хотын аж ахуйн нэгж,  иргэдийн газар ашиглах, эзэмших, өмчлөхтэй холбоотой энэ харилцааг хуулиар зохицуулж байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах төсөл гэдгийг Ц.Баатархүү гишүүн танилцуулав. УИХ-ын 35 гишүүн төслийг дэмжсэн болохыг тэрбээр онцлон танилцуулсан.

УИХ-ын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Улаанбаатар хотын газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол, шийдвэр, газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” хэмээн төсөлд тусгажээ. Мөн Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээг тодорхойлж, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнийг дурдсан байгаа аж.

Үргэлжлүүлэн санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 52.6 хувь нь УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаар Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.