Прокурорын байгууллага 2026 оны эхний 6 сарын байдлаар мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон 171 хүнд холбогдох 117 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.  Нийслэл прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026.06.15-наас 19-ний өдрүүдэд 3 хүнд холбогдох 2 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 3 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Хэргийг тоймлон хүргэвэл:

– Г.Э (42 настай, эрэгтэй), Э.А (40 настай, эрэгтэй) нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны  Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын I жагсаалтад багтсан, делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор 2025 оны 6 сард АНУ-аас захиалж, шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 -т (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Э, Э.А нарыг бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Э-д 7 жилийн хорих ял, Э.А-д 10 жилийн хорих ял оногдуулсан.

– А.П (24 настай, эрэгтэй) нь 2025 оны 9 дүгээр сараас телеграмм аппликейшн ашиглаж бусадтай харилцан НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцийн I жагсаалтанд багтсан, мөн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенц”-ийн I жагсаалтад багтсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, өөрийн гэртээ болон биедээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс А.П-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисуудыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.