Чуулганы өнөөдрийн (2026.07.01) нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг гишүүн Б.Хэрлэн танилцуулав.
Засгийн газраас 2026.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Б.Түвшин нарын 41 гишүүнээс 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг УИХ 2026.06.30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Тус Байнгын хороо 2026.06.30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсан байна. УИХ-ын 2026.06.30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй 4 саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэв.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган хэл найруулга, дэс дараалал, зүйл, заалтын дугаарыг нийцүүлэн өөрчилж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн Б.Мөнхсоёл хувийн тэтгэврийн сангийн шинэчлэлийн эхлэлийг дэмжиж буйгаа илэрхийлж, ажилтан, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх урамшуулал, татварын хөнгөлөлтийн зохицуулалт, баталгаат тэтгэврийн тооцооллыг цаашид боловсронгуй болгох шаардлагатайг онцлов.
Нэрийн дансны хуримтлалыг шинэ тогтолцоонд шилжүүлэх зохицуулалт, татварын хөнгөлөлтийн үр нөлөөний талаар тодруулгыг С.Эрдэнэбат гишүүн хүсэж, хүнд, хортой нөхцөлд ажиллагсдын асуудал, хуримтлалын өв залгамжлал, тэтгэвэр авч чадалгүй нас барж буй иргэдийн асуудлыг дараагийн шатны шинэчлэлд тусгах шаардлагатайг онцоллоо. Д.Энхтүвшин, П.Наранбаяр нарын гишүүд, хуулийн төсөлд ажил олгогчдод эерэг нөлөө үзүүлэх хэд хэдэн зохицуулалт туссаныг онцолж, өндөр цалинтай ажилтны шимтгэлийн дээд хязгаарыг үе шаттай тогтоох, оюутан залуус болон тэтгэврийн насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг бизнесүүдэд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх нь хөдөлмөрийн зах зээлийг тэлэх ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Мөн нийгмийн даатгалын шинэчлэлд ажил олгогчдын оролцоо хангалтгүй байгааг шүүмжилж, цаашид ажил олгогч, ажилтан, төрийн хамтын оролцоог илүү үр дүнтэй хангах шаардлагатайг онцлов. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Оюутолгойгоос авах ногдол ашгаа ирэх 8 дугаар сард авахад анхаарч ажиллаад, улмаар уг санхүүжилтийг Нийгмийн даатгалын сан руу оруулж ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах саналыг хэлж, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн талаарх хуулийн хэрэгжилтийг хангах, өмнө батлагдсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхгүй орхигдуулж байгааг засч залруулах шаардлагатайг тэмдэглэлээ. Ингээд төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоорх санал хураалтыг 17.00 цагт явуулахаар тогтсон.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ж.Бат-Эрдэнэ таницууллаа.
УИХ-ын гишүүн М.Мандхай нараас 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн “Тогтвортой хөдөө аж ахуй” гэсэн 12 дугаар зүйлд “Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны Хөгжлийн зорилтот хөтөлбөртэй байх”-аар тусгасан байсан. Эл зохицуулалттай нийцүүлж Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах” санал гаргасныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн юм.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2026.06.19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед зарим гишүүн төсөл нь чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсэгт заасан “…..төсөл нь бусад Байнгын хороо уг төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлсэн байна.” гэснийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн тул хуралдаан даргалагч уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт буцаасан юм.
Эдийн засгийн байнгын хороо 2026.06.29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг баримтлан хэлэлцэж санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлсэн аж.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг баримтлан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв .
Хэлэлцүүлгийг явцад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж хуулийн төслийг татан авах тухай албан бичгийг Засгийн газраас ирүүлснийг уншиж нэгдсэн хуралдаанд танилцуулав. Засгийн газраас 2026.06.12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу татан авч байгааг мэдэгджээ. Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болох зохицуулалттай бөгөөд төслөө татан авах тухай албан бичгийг УИХ-д ирүүлснийг нэгдсэн хуралдаанд танилцуулснаар төслөө татан авсанд тооцдог.
Ингээд санал хураалт явуулахаар товлосон цаг болсон тул эхлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 110 гишүүний 76 нь дэмжсэн тул төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг баримтлан зарчмын зөрүүтэй 4 саналаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
