Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 29 дэх удаагийн уралдааны АНХАН ШАТНЫ шалгаруулалт боллоо. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах энэхүү наадамд ерөнхий боловсролын 14 сургуулийн 800 гаруй сурагч оролцлоо.
Эдгээрээс уралдааны I байрт Могени цогцолбор сургууль, II байрт Шинэ эрин лаборатори сургууль, III байрт Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, тусгай байрт 38 дугаар сургууль, Шилдэг удирдаач багшаар 38 дугаар сургуулийн хөгжмийн багш н.Гүррагчаа нар тус тус шалгарлаа. Уралдаанд эхний 3 байрт шалгарсан найрал дууны хамтлагууд энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдах II шатны шалгаруулалтад оролцоно. Хүүхдийн найрал дууны уралдааны шилдгийн шилдэг хамтлагууд Нийслэл хотын 384 жилийн ойн нэгдсэн гала тоглолтод оролцох юм.
Энэ жилийн наадмыг Баянгол дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг нээж авьяаслаг багачууд, уран бүтээлчдэдээ амжилт хүслээ.