Прокурорын байгууллага 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан байна.

Дээрх хугацаанд 853 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээж, 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, Өмчлөх эрхийн эсрэг 14, Авлигын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хүүхдийн эсрэг болон Эдийн засгийн эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, Г.Т нь насанд хүрээгүй И.Н-ийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, Нийслэлийн нутаг дэвсгэрт биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг), Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

– Б.Н нь Б.О-тэй бүлэглэн насанд хүрээгүй Г.У, Ш.С-ийг саун, массажны үйлчилгээ үзүүлэх нэрээр хуурч мэхлэн бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж худалдаалсан,

Мөн Сонгинохайрхан дүүрэгт саун, массажны үйлчилгээ үзүүлэх нэрээр Э.Ө-ыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт (хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг), Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (биеэ үнэлэхийг зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.