Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаанаар Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй.
Сэлбэ дэд төвд эдийн засгийн тусгай бүс байгуулснаар 420 бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдийн засгийн тусгай бүс болсноор бизнесүүд тодорхой хугацаанд татварын болоод татварын бус дэмжлэгүүдийг эдлэх давуу талтай юм. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, барилгын татвар газрын төлбөр, цахилгаан, дулааны түрээснээс чөлөөлөх зохицуулалттай. Мөн банкны хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болох аж.
Энэ талаар хотын дарга Б.Пүрэвдагва “Энэ бүсэд бизнесүүд хөгжих орчин бий болсноор 20 минутын хот бодлого биелж, иргэд аятай тухтай амьдрах орчин бүрдэх юм. Мөн ухаалаг хот хэрэглээндээ ухаалаг, ногоон хөгжлийн үзэл санааг агуулсан байх шаардлагатай. Түүнчлэн сэндбокс орчныг бүрдүүлнэ” гэлээ.
Сэндбокс орчныг бий болгосноор шинээр нэвтэрч байгаа технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчин, тодорхой цаг хугацаанд турших боломжтой болох юм.
