Дүүргийн удирдах ажилтны ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ. Тухайлбал, өнгөрсөн шуурхайгаас:
дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг чөлөөлөхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 137 худалдаа эрхлэгчийг чөлөөлж, ил задгай худалдаа эрхлэгчдийн тоог 37.7 хувиар бууруулсан байна. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 14 ТҮЦ болон зайрмаг, түргэн хоолны үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэ ажил үргэлжилж байна.
Эрүүл мэндийн төвөөс дүүргийн хэмжээнд зорилтот бүлгийн 40,710 иргэнд Томуу томуу төст өвчний эсрэг дархлаажуулалт хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 40 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан гэсэн мэдээллийг өглөө.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Хороодын Засаг дарга нар өөрсдийн хариуцаж буй нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудаар орчны 50 метр газрын тохижилт, цэвэрлэгээг хийлгэх. Энэ ажлын хүрээнд дүүргийн 1-34 хороонд 45 хоногийн хугацаатай аян зохион байгуулах,
Дүүргийн Цагдаагийн газар холбогдох хэлтэс, хороод хамтран дүүргийн хэмжээнд бүртгэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хамтарч ажиллах,
Дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд ажлын гүйцэтгэлээ улам сайжруулж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.