Өнөөгийн нийгэмд мэдээллийн технологийн хурдацтай хөгжил нь хүмүүсийн харилцаа холбоо, мэдээлэл солилцох боломжийг өргөжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд шинэ боломжуудыг бий болгож байна. Гэвч технологийн энэхүү хөгжилтэй зэрэгцэн гэмт хэргийн шинж, үйлдэх арга хэлбэр өөрчлөгдөж, хууль сахиулах байгууллагын өмнө шинэ сорилтууд гарч байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл болон цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг нь хүний эрх, аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулж байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгддэг, хохирогч нь хүчирхийлэгчээс эдийн засаг, сэтгэл санаа болон нийгмийн хувьд хамааралтай байх онцлогтой. Иймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хууль сахиулах байгууллагад хандахгүй байх, эсхүл гаргасан гомдлоосоо татгалзах, мэдүүлгээ өөрчлөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах тохиолдол цөөнгүй байдаг.

Сүүлийн жилүүдэд энэхүү хүчирхийлэл цахим орчинд шилжин илрэх болсон. Тодруулбал, дижитал технологийн хөгжилтэй холбоотойгоор шинэ хэлбэрүүд болох гар утас, олон нийтийн сүлжээ, байршил тогтоох технологи ашиглан хохирогчийг мөрдөх, заналхийлэх, нэр төрд халдах, хувийн зураг, дүрс бичлэгээр сүрдүүлэх, хиймэл оюун ухаанд суурилсан хуурамч дүрс, дуу хоолой бүтээх технологи, хувийн мэдээлэл задруулах, цахим дарамт шахалт үзүүлэх зэрэг үйлдэл гарч байна.

Үүнтэй холбоотой буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ухаалаг төхөөрөмж, байршил тогтоох систем, нууц үг сэргээх үйлчилгээ зэрэг технологийг ашиглан хохирогчийг хянах, хяналтдаа байлгах шинэ аргуудыг ашиглах болсон нь прокурор, хууль сахиулагчаас технологийн мэдлэг, ур чадварыг шаардаж байна.

Прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хүний үндсэн эрхийн баталгааг хангахын зэрэгцээ хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг шуурхай сэргээх, хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн арга  хэмжээг  хэрэгжүүлж байна.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад,  давтан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан зэрэг хохирогчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, сэтгэл зүйн хохирол учруулахгүйгээр мэдүүлэг авах, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажилласнаар хохирогчийг хамгаалах үйлчилгээ, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны тогтолцоо хөгжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Цахим нотлох баримтын ач холбогдол өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор прокуроруудын дижитал орчин дахь мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, мэргэшүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл, цахим дарамт, заналхийлэл зэрэг гэмт хэргийн нотлох ажиллагааны чанар, гэмт хэргийн шинжийг тодорхойлох хууль хэрэглээний нэгдмэл байдалд эерэг нөлөө үзүүлсэн.

Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхэд хохирсон, холбогдсон хэрэгт хяналт тавих дагнасан прокурорыг мэргэшүүлж, шүүх, мөрдөх байгууллага, хүүхэд хамгаалал, гэр бүл хамгааллын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, мэдээллийг шуурхай солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр  хохирогч төвтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл нь цахим орчинд  шилжин технологийн хөгжил, нийгмийн харилцааны өөрчлөлттэй уялдан улам нарийн төвөгтэй, хувьсан өөрчлөгдөж буй сорилт нь дан ганц гэмт хэрэг үйлдэгдсэний дараах хариу арга хэмжээгээр хязгаарлагдах бус, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хохирогчийг хамгаалах, сэтгэл зүйн хохирол давтан учруулахгүй байх, дижитал нотлох баримтыг шуурхай бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг цогц арга барилыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна.