“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил өнөөдрөөс Баянгол дүүрэгт эхэллээ. Тодруулбал, манай холбогдох хэлтэс, мэргэжлийн байгууллагууд хамтран дүүрэг дэх нийтийн эзэмшлийн 500 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэсэн судалгаа гаргаснаас энэ намар эхний 20 байршилд мод тарихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр эхний буюу дүүргийн 3-р хороо, НЕБ-ын 73-р сургуулийн баруун талын нийтийн эзэмшлийн талбайд гүйлс, буйлс, монос, гацуур, шар хайлаас зэрэг 5 төрлийн 100 гаруй модыг тарилаа.
Өнөөдрийн мод тарих ажилд дүүргийн ногоон байгууламж хариуцсан мэргэжлийн байгууллагуудаас гадна НЕБ-ын 73-р сургуулийн багш ажилчид, тус сургуулийн “Эко бүлгэм”-ийн сурагчид, 3-р хорооны Ажлын алба, хорооны ахмад настнууд, иргэдийн бүлгийнхэн оролцлоо.
Ташрамд мэдээлэхэд, манай дүүрэгт 2021-2026 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд:
  • Нийт 197,902 ширхэг мод шинээр тарьсан,
  • Нийт 243,335 м2 талбайг зүлэгжүүлсэн
  • 209,000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулсан,
  • “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д төр захиргааны болон хувийн хэвшлийнхэн хамтран 30 мянга гаруй мод тарьсан бол 3 га талбайг мод үржүүлгийн чиглэлээр хөгжүүлсэн,
  • 2021-2024 онд дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хорооны нийт 993 айл, өрх хашаандаа 7600 ширхэг мод, бут, сөөг болон жимсний модыг тус тус тарьж ургуулсан байна.