Баянгол дүүргийн гэр хорооллын 500 өрхийг энэ онд “Дулаалга” төсөлд хамруулахтай холбоотойгоор өнөөдөр 10, 22-р хороонд ажиллалаа. Энэ үеэр дулаан алдагдлыг бууруулах төсөлд хамрагдахаар сонгогдсон эхний ээлжийн айл өрхүүдтэй уулзаж, дүүрэг орон нутгаас хэрэгжүүлж буй төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өглөө. Мөн өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл болон төслийг хамтран хэрэгжүүлэгч “Өнө монгол гэр” ХХК-ийнхан оролцож НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартыг хангасан “EASY CHIP” төсөл болон монгол гэрийг хэрхэн дулаалах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Дүүрэгт өнгөрсөн онд 872 өрхийг дулаалсан. Ингэснээр нэг өрхийн дулаан алдагдал 33,2 хувиар буурснаас гадна сард түлш, цахилгаан болон бусад хэрэглээнд зарцуулдаг төсвөөсөө 270 мянга орчим төгрөг хэмнэсэн буюу эдийн засгийн хувьд бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн судалгаа гарсан байна.
Иймд гэр хорооллын 500 айлыг энэ ондоо багтаан “Дулаалга” төсөлд хамруулах, ингэхдээ дүүргийн төсвөөс 82, иргэдээс 18 хувийн төлбөрийг нь гаргуулах нөхцөлтэйгөөр хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хэрэгжсэнээр,
- Нэгт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах,
- Хоёрт, иргэд тав тухтай дулаан орчинд амьдрах,
- Гуравт, айл өрхийн эдийн засагт бодит хэмнэлт үүсэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

