Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагч, оюутан залуус, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд Та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн жилийн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ Баянгол дүүргийн боловсролын салбар дахь зарим статистик мэдээлэл мөн багш, суралцагчийн хөгжлийг дэмжих болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хийж буй зарим ажлын тоон мэдээллийг хүргэе.
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАЯНГОЛ ДҮҮРЭГТ:
Төрийн болон хувийн хэвшлийн 68 цэцэрлэгт 12,860 хүүхэд, НЕБ-ын 57 сургуульд 65,500 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд 5400 гаруй нь I ангид шинээр элссэн сурагчид байна.
Дүүрэг дэх төрийн өмчийн болон хувийн 68 цэцэрлэгт 655 үндсэн, 586 туслах багш, ЕБС-д нийт 3917 багш ажилтан ажиллаж байгаагаас 2867 нь үндсэн багш байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ЕБС-ийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд НЕБ-ын “Оюуны ундраа” сургууль төрөлжсөн ахлах сургуультайгаар, “Эрдмийн өргөө”, “Оюуны ундраа”, 73 дугаар сургууль Хотхоны бага сургуультайгаар хичээлийн шинэ жилээ эхэллээ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:
Олон жил сургууль, цэцэрлэггүй байсан “Алтай хотхон” буюу 24-р хороо, “Голден парк” буюу 25, 28-р хороонд сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өндөрлөг бүс болох 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна.
2026 онд дүүргийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 18 сургуулийн спорт заалны шалыг ОУ-ын стандартад нийцүүлэн шинэчилж, сурагчдын сургалтын орчныг сайжрууллаа.
Энэ онд нийслэл болон дүүргийн төсвөөр 2 сургууль, 8 цэцэрлэгийн сантехникийн их засвар, 1 цэцэрлэгийн фасад дулаалга, 3 цэцэрлэгт зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмж, мөн 3 цэцэрлэгийн сүлжээний утас, шалны халаалт, гадна тохижилтын ажлыг хийв.
Түүнчлэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах Шуурхай арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 2 сургууль, 15 цэцэрлэгийн дулаалга, сантехникийн их засвар болон бусад ажлыг хийж гүйцэтгэлээ.
ХҮҮХЭД ХАМГААЛАЛ:
Хүүхдийг сургуулийн орчин дахь дарамт, хүчирхийллээс хамгаалах зорилгоор “Сургуулийн цагдаа” хөтөлбөрийг манай дүүрэг анхлан санаачилж, бэлтгэл ажлыг хангаснаар өнөөдрөөс эхлэн “Эрдмийн Өргөө”, 93, 113, 96, 13, 141, 47, 184 болон “Монгени” сургууль дээр Хүүхэд хамгааллын цагдаа ажиллаж, сурагчдын аюулгүй байдлыг хангаж эхэллээ.
Хүүхдийг болзошгүй осолд орохоос урьдчилан сэргийлж, дүүргийн төв зам, өргөн чөлөө дагуух уулзвар, гарцууд дээр хэвтээ гэрлэн дохио байрлуулах ажлыг шат дараатай хийж байна.
“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
“Сүү хөтөлбөр”-т 1-5 дугаар ангийн 28,000 сурагч /дүүргийн хэмжээнд/хамрагдах бөгөөд нэг өдрийн сүүний зардлыг дүүргийн төсвөөс бүрэн даана.
Багш, суралцагчийн хөгжлийг дэмжих хүрээнд 2026 оны I ээлжид дүүрэг дэх Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 50 сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийг УА-ийн Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх багц сургалтад хамруулсан. Энэ хичээлийн жилд үлдсэн сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйчийг 100 хувь хамруулна.
Англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд 40 англи хэлний багшийг Филиппин улсад 1 сарын эрчимжүүлсэн сургалтад хамруулав. Мөн тус улсаас 18 багшийг урьж дүүрэг дэх ЕБ-ын сургуулиудад 2 дахь жилдээ ажиллуулж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 91 багшийн төвшин өмнөх оноос өссөн бол ЭШ-ын хэмжээст онооны дундаж 7,9 оноогоор нэмэгдсэн сайн мэдээ байна.
Баянгол дүүргээс “Тэгш хамруулан сургах боловсролыг дэмжигч дүүрэг” дэд арга хэмжээг хэрэгжүүлж, төрийн өмчийн бүх сургуулийн Бага боловсролын сургалтын менежерийг Япон улсад сургалтад бүрэн хамрууллаа.
Түүнчлэн энэ хавар манай дүүргээс ЕБС-ийн 12 дугаар ангийг төгссөн 32 сурагч “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэж, гадаадын шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангалаа. Тэгвэл 2026-2027 оны хичээлийн жилд ЕБ-ын 57 сургуулийг нийт 4200 орчим суралцагч төгсөх бөгөөд ахлах ангийн нийт сурагчид болон багш нартаа энэ хичээлийн жилдээ хичээн суралцаж, ирэх хавар болох ЭШ-аа амжилттай өгөн хүссэн сургуульдаа элсэн орохыг ерөөе.
