Нийслэлийн МАН-ыг Б.Пүрэвдагва биш М.Энхболд удирдана гэчихэд хэт зөрсөн ойлголт болохгүй байх. Х.Нямбаатарыг чөлөөлсөн Нийслэлийн МАН-ын хуралд М.Энхболд Б.Пүрэвдагвыг дэмжиж буйгаа илэрхийлэн индрээс үг хэлсэн нь тохиолол бол биш.

Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр танилцуулсан 2026.10.22-ны Нийслэлийн МАН-ын Бага хуралд ч тэр бүтэн байлцсаныг санах хэрэгтэй.

Тэрбайтугай 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх нэр дэвшиж М.Энхболд Д.Амарбаясгалан нар штаб удирдана гэх яриа ч нууц байхаа больж. Зөв ч биз. Эрх мэдлийн хэлтэрхий ч үгүй арчуулж гудамжинд гарснаас магадлалуудаа тооцоод эв зүйдээ орох нь эрх баригчдад хэрэгтэй юм. Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулга А.Амундра тэргүүтэнд үг зүгээс нь хазайхгүй дагадаг зөөлөн чихтүүд хэрэгтэй болохоос нам, үнэт зүйл төдийлөн чухал биш тул өнөөдрийн цочир акцуудыг ээлж дараалан хийж байж мэдэх. Хэвлэл мэдээллийн салбар сэтгүүлзүй үзэгдэл хоёроо ялгах хэрэгтэй шиг улстөрчид ч улстөр, эрх ашгийн төлөөх бүлэглэл хоёроо таньж хардаг болох нь зөв. Эрх ашгийн төлөөх бүлэглэл өөрсдийгөө улстөрч гэж, технологийн хөгжил цахим орчин дагасан үзэгдлүүд өөрсдийгөө сэтгүүлзүй гэсээр энэ улс орны хөгжлийг дэндүү удаан хутган үймүүллээ. Уг нь бол аль аль нь гэрэл дагасан дэнгийн эрвээхий шиг хэврэг юм. Гэрэл бөхөхөд эрвээхий үгүй болдог шиг сошиал орчин хэд хоногоор хаагдахад бүлэглэл ч, үзэгдэл ч үгүй болох нь үнэн. Олон нийт нүд чих амарч ажил амьдралдаа анхаарах биз. Сониноор хүн ялаа хоёрыг алдаг гэх хэлцтэй байсан бол өдгөө сошиалаар хүнийг улс орны хөгжилтэй нь алж болохоор болж. Харамсалтай.

Сошиалаас хол байж шатарт дурлаж гүймээр Г.Занданшатар ч ууртай байгаа. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх горьдлогоор Ерөнхий сайдын суудлаас буусан байх. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат ч дагаж горьдон хэсэг гүйсэн биз. Хүн байтугай мал таних нүдгүй, аливаа магадлалыг тооцож чаддаггүй жижиг зайн тоглогч түүнд яруу найраг нь л зохих бололтой. Намынхаа шинэ жилийг хөтөлж түмнийг цэнгүүлбэл өнгөрсөн өдрүүдэд шатрын хүү өрж суусан ноорхой дүр нь бага зэрэг мартагдана гээд зөвлөчихөд гомдож туниад сүйд болохгүй биз. Тэр Н.Учралын өрөөгөөр мэр сэр эргэлдэж буй ч хэсэгтээ хөтлөгчөөс өөр дүр олдохгүй нь лав. Шинэ жил, сонгуулийн сурталчилгааны нээлт хаалт хөтлөнө гэдэг бас л хариуцлагатай үүрэг, гололтгүй.

М.Энхболдын тухайд улстөрийн нөлөө нь эргэн сэргэж байх шиг байна. УИХ-ын нэгдсэн чуулганы 2026.07.02-ны өдрийн хуралдаанаар хүү Э.Анарыг нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох санал хураалтад оролцсон 91 гишүүний 77 нь дэмжсэн явдал дээрх дүгнэлтийг батлах биз. Охин Э.Хулан нь ч тодорхой дэмжлэгтэй явсны дээр өөрөө өдгөө жин дараад ороод ирлээ. М.Энхболдоос гадна гадаад дотоодод элчин нэрээр дэвшүүлэн зайлуулагдсан нөхөд ч хөдөлгөөнд орж эхэлсэн мэдээлэл байна. У.Хүрэлсүхийн дэмжлэгийн төв болсон хуучцуул дэвшүүлэн зайлуулагдаж тараагдсан байсныг одоо л тэр олж харж байгаа байх. Алдаагаа засахад оройтох юун.

Б.Пүрэвдагва У.Хүрэлсүхийн хүргэн асан гэгддэг ч улстөрийн дэмжлэг талдаа Д.Амарбаясгалангийн хүн. Ямартаа Нийслэлийн Засаг даргын арын өрөөг Д.Амарбаясгалангийн амралтын өрөө гэх яриа гарчихсан байхав. М.Энхболд Д.Амарбаясгалан нарын хоршил уг нь бол эртнээсээ. Хэсэг зуурын юмс үзэгдлүүд л тэдний дундуур гүйчихсэн болохоос 2010-аад оны дунд үеэс 2018 оныг хүртэл намын удирдлага, стратеги болон дотоод улстөрийнхөө үйл явц бүрт хавсарсан нөлөө үзүүлж явсан кадрууд. 2016 оны сонгуулиар 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон гавьяа тэднийх. Намын анхан шатны байгууллагуудыг зангидах, сонгуулийн менежментийг урлах ур ч тэднийх. Тэгэхээр тэд 2027 оны сонгуулиас эргээд бараа бараандаа ажиллацгааж мэдэх юм.

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд нэр дэвшиж штабыг Д.Амарбаясгалан ахалсан ч энэ үед 15 давхрынхан аль хэдийнэ ажилдаа орчихоод МАН-ын дотоодод Л.Оюун-Эрдэнэ магнайлж явсан байх. Намар нь XXVIII Их хурлаар У.Хүрэлсүх намын дарга болж Д.Амарбаясгалан Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдоод зогсохгүй жилийн дараа М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулж байв. Энэ үйл явцыг улстөрийн үе солигдолт гэх утгаар тайлбарлахыг оролдсон ч үнэн хэрэгтээ улстөр, улстөрч гэх нэр дор хувийн явцуу эрх ашгаар нэгдсэн нам үл хамаарах бүлэглэл хүч түрэн орж ирээд зогсохгүй хэвлэлийн нэр барьсан үзэгдлүүдээр тулгуур хийн энэ хүртэл амьдрав. Эффектийг нь нам эвслүүд бүгд амсч одоо ч учир зүйгээ олж чадалгүй бужигналдаж явна.

М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа У.Хүрэлсүхийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар кабинетдаа багтаан ажиллаж явсан үе бас бий.

Н.Энхбаяр туурга тусгаарласан жил, 2010 онд намын нэрийг МАН болгон сэргээж бүтцийн шинэчлэх хийх үед У.Хүрэлсүх Ерөнхий нарийн бичгийн даргаар, М.Энхболд намын удирдах зөвлөлийн голлох гишүүн, УИХ-ын дэд дарга байж намын бодлогыг зангидаж байв. Улмаар 2016 оны үнэмлэхүй ялалтын дараа М.Энхболд УИХ-ын дарга, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдон ажилласан ч энэ үе тэгтэл удаан үргэлжлээгүйгээр үл барам МАН хар дарсан зүүд шиг өдрүүд рүү хар аяндаа шааригдаад орсон байдаг. Намынхаа 100 жилийн ойгоор намын төв хэвлэлээ А.Амундра гэх дүрд атгуулахад л улстөр сонирхогчид уг нь хэлж байв, энэ нам таалал төгслөө гэж.

Одоо харин төв аппаратаараа тоглуулсан ч олон жилийн суурь нь тэгтлээ эвдэгдчихээгүй байгаа нийслэлийн хороон дээрээ тулж өндийх бололтой, энэ нам.

Д.Сумъяабазар Х.Нямбаатар нарын хэн хэн нь хотын намын хорооны сүлжээг задалж, удирдлагын бүтцээс өмнө үеийн төлөөллүүдийг шахах бодлого барьсан ч эцэст нь өөрсдийгөө “галдаад” гарч одов.

Ойрын өдрүүдийн орон нутгийн Засаг дарга нарын халаа сэлгээ ч тэдний сэмэлж оролдсон бүсүүд байгаа харагдана. Тэгэхээр мань эрсийн карьер энэ хүрээд дуусч буй бололтой. Тэдний улстөрийн хуудсанд 2027 2028, түүнээс цааших он гэж үгүй бололтой.

Он гармагц Ерөнхийлөгчийн сонгууль, түүнээс хагас жилийн дараа УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлууд эхэлнэ. Тиймээс Я.Содбаатар хүртэл Өвөрхангай аймгийн Засаг даргад өөрийн командын хүнийг илгээхээр Т.Жамбалцэрэнг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлүүлсэн дуулдаж байна. Т.Жамбалцэрэн Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул бөгөөд 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа аймгийн Засаг даргад нэр нь яригдаад сураг алдарсан кадр. Булган болон Увс аймгийн Засаг дарга нарын томилгоо ч М.Энхболд зүгийн нүүдэл байх. Тэр шатар тоглохгүй ч даам зэрэгт үр ач нараа хожчихоод мишээж л суух нөхөр.

МАН-ын төв аппаратад удахгүй их цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг жич хүргэнэ…

Үргэлжлэл бий…