Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос эрүүл мэндийн салбарын хөгжилд хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо, нөлөө сэдвийн хүрээнд “Дэнслэх үү, Донслох уу” нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, Мэргэжлийн социологичдын холбооны Гүйцэтгэх захирал Н.Батзориг, Монголын анагаах ухааны эрх зүйн холбооны тэргүүн, хуульч Э.Ганбат, Монголын анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл оролцлоо. 

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сэтгүүлчид талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зарчим баримталж ажиллахгүй байгаагаас болж эрүүл мэндийн салбарын ажилчдын эрх зөрчигдөж байна. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг түлхүү бэлтгэх шаардлагатай гэдгийг онцлов.

Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд: Комисс КОВИД-19 цар тахлын нөхцөлд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ цар тахлыг даван туулж буй Монгол Улсын туршлагаас хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар авч үлдвэл зохих сургамжийг дүгнэж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20, 21 дэх илтгэлд тусгасан. Эрүүл мэндийн чиглэлээр ХЭҮК-т ирж байгаа гомдол, мэдээллийн дийлэнх нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, мэргэжлийн алдаа, хүнд суртал зэрэгтэй холбоотой байдаг. Харин эсрэгээрээ хувь эмчийн зүгээс “Албан үүргээ гүйцэтгэж байгаад эрх зөрчигдсөн” гэх гомдол, мэдээлэл бараг гаргадаггүй.

Өнгөрсөн 2020, 2021 онд ХЭҮК “Эрүүл мэндийн салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрх ямар байна вэ?” гэдэгт хоёр удаагийн судалгаа хийж, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлс хангалтгүй, ажиллах орчин нөхцөл таатай биш, хөдөлмөрийн аятай, таатай нөхцөлөөр хангагдаагүй, аюулгүй байдал нь тодорхойгүй. Мөн 5 эмч тутмын 3 нь үйлчлүүлэгчийн зүгээс үзүүлсэн дарамт, халдлагад өртсөн гэж хариулсан нь анхаарал татсан. Эндээс үзвэл, эмч, эмнэлгийн ажилтнуудын хууль зүйн баталгаа буюу ажил үүргээ гүйцэтгэж явцдаа эрхээ хамгааллуулах механизм сул байна гэж Комисс дүгнэсэн. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбар, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах стратеги төлөвлөгөө, бодлогын баримт бичиг баталж, салбарын уялдаа холбоог хангахгүй бол иргэд, олон нийт эрүүл мэнд, эмнэлгийн талаарх буруу ойлголттой болох магадлалтай.

Тиймээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага тухайн мэдээллийг тэнцвэртэй, бодитой, хариуцлагатай, ёс зүйтэй хүргэх. Хэрэв алдаа гаргасан тохиолдолд хариуцлага хүлээдэг байх зарчмаа дагах ёстой гэдэг байр суурийг Комисс баримталдаг гэлээ.