“Нийтийн өргөдөл, гомдлын систем”-д НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх саналыг 100.000 гаруй хүн дэмжиж саналаа өгчээ.
Ингэснээр тус системд оруулсан эхний санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлж байсан юм.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрсэн нь энэ юм.
D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.
Одоогоор “Нийтийн өргөдөл гомдлын системд
- Цалинтай ээжийн 50,000 төгрөгийг нэмэгдүүлэх
- Ипотекийн зээлийн 8%-ийн хүүг 6%-д шилжүүлэх
- Багшийн цалинг 1,000 ам.долларт хүргэх зэрэг 20 гаруй саналаар иргэдээс санал авч байна.