За УИХ-ын дарга Занданшатарын онлайн хэлбэрээр иргэдээс шууд санал хураахаар санаачлан эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох санал асуулгад 100 мянган хүн оролцсон тохиолдолд парламентаар хэлэлцэнэ гэсэн. Одоо 92 мянга дөхөөд явж байна. НӨАТ-ыг 5 хувь болгох талаар гурван жилийн өмнөөс УИХ-ын гишүүн Пүрэвдорж санаачилж, гурван ч удаа санал хүргүүлж, УИХ-ын танхимд лоозон хүртэл бариад сууж байжээ.
Гэтэл одоо онлайн хэлбэрээр иргэдээс санал хурааж эхэллээ. Үүнийг Сангийн сайд Жавхлан эсэргүүцэж, НӨАТ-ыг таван хувь болгох юм бол өндөр хэрэглээтэй иргэд хожно хэмээж буй юм. Манай НӨАТ-ын орлого нийт 6.4 их наядыг төвлөрүүлдэг юм байна. Үүний нөгөө талд гишүүн Пүрэвдорж “Нийт 130 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.
Тэдний 80 хувь нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. НӨАТ-ыг 5 хувь болгох юм бол орлого буурна гэж Засгийн газар үзсээр ирсэн. Тийм юм байхгүй, хэрэв НӨАТ 5 хувь болчихвол 50 мянган аж ахуйн нэгж нэмж орж ирээд, төсвийн орлого харин ч нэмэгдэнэ” гэсэн тайлбарыг тууштай өгдөг. За гэтэл эдийн засагч иргэн ” НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгосноор төсөв буурахгүй.
Иргэд өөрсдийн төлсөн мөнгөний 5 хувийг эргүүлэн авч байгаа учраас төсвөөс нэмэлт мөнгө гарахгүй, Сангийн сайд буруу тайлбарлаж, худлаа хэлж байна” гэж маш тодорхой бөгөөд ойлгомжтой хэлчихлээ. За манайхаан, иргэн миний хувьд нэгэнт УИХ-ын дарга нь санаачлан эхлүүлсэн энэ саналын тоог 100 мянгад хүргэе ээ, төсөв хэлэлцэж буй энэ өдрүүдэд яаравчилъя.
Тэд хэлсэндээ хүрдэг, үгүйг үзье. Тэд болзлоо 100 мянган хүний санал гэж тавьсан, бид 100 мянгуулаа саналаа өгчихөөд, санааг нь уншаад сууж байя. Сангийн сайд Жавхлан хэрэв 5 хувь болчихвол 600 тэрбумыг нэмж эргүүлж төлнө, тийм боломж, мөнгө байхгүй гэчихлээ. Иргэд төлсөн мөнгөнөөсөө л буцааж авъя гэсэн болохоос эрх баригчдыг мөнгө олж ирээд өгөөтөх, биднийг тэжээгээтэх гээгүй шүү дээ. Хулхи ногоон автобусанд 318 тэрбумыг газрын гаваар урсгачихаад, хариуцлага тооцох эзэнгүй сууж байхад 600 тэрбумыг иргэддээ эргүүлэн олгох ёстой яршиг л баймаар юм аа.
Сэтгүүлч Р.Эмүжин