УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг авч хэлэлцжээ.
Засгийн газрын улсын төсөвт оруулж ирсэн саналаар 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ээс тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх тухай тусгасан. Бүлгийн хурлаар хэлэлцээд нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас тэтгэврийн зөрүүг хувиар бус тоогоор нэмэх нь зүйтэй гэж үзээд нийтэд 100 мянган төгрөгөөр дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, эх үүсвэрийг судлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан. Манай улсын нийт тэтгэвэр авагчдын 70 орчим хувь нь бага тэтгэвэр авч байгаа. Тиймээс эдгээр иргэдийн тэтгэвэр хэт бага байна гэж үзсэн. Өнгөрсөн жил тэтгэврийн зөрүүг арилгаж, нэмэгдүүлсэн ч бага тэтгэвэр авагчдынх 50,000 төгрөгөөр нэмэгдсэн. Инфляцтай холбогдуулаад нийт тэтгэвэр авагчдын хэмжээг 100,000 төгрөгөөр нэмэх нь зөв гэж үзэж байгаа” гэв.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан авлига албан тушаалын гэмт хэргийг магадланд оруулахгүй, хугацаанаас өмнө суллахгүй байх тухай саналыг дэмжлээ. Мөн бага насны хүүхэд буюу 14 хүртэлх насны хүүхдийг хүчиндэх, амь насыг нь хөнөөх гэмт хэрэг, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой гурван заалтад өршөөл үзүүлэхгүй байх заалтыг бүлгийн гишүүд дэмжжээ.