УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгээс Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн.
Асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулсан. /Дэлгэрэнгүй эндээс/
Газар эзэмших хүсэлт, газрын эрх олголт, цахим үйлчилгээний тухайд улсын хэмжээнд 2023–2025 онд гэр, орон сууц, хашааны зориулалтаар шинээр газар эзэмшихээр ирүүлсэн 205,099 хүсэлтээс 76,004-ийг шийдвэрлэсэн. Үүнээс нийслэлийн хэмжээнд 92,621 хүсэлтээс 39,491-ийг шийдвэрлэжээ. Харин 2026 оны тайлангийн үеийн байдлаар улсын хэмжээнд шинээр газар эзэмших 366,913 хүсэлт шийдвэрлэгдээгүй бүртгэлтэй байгаа нь газар олголтыг эрчимжүүлэх бодит шаардлага байгааг харуулж байгааг мэдээлэлд дурджээ.
Нөгөө талаас, газрын харилцааны 27 төрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авах боломж бүрдүүлж, 2026 оны 9 дүгээр сарын байдлаар бүртгэгдсэн 468,400 цахим хүсэлтийн 82 хувийг шийдвэрлэсэн. Гэхдээ энэ үзүүлэлт нь шинээр үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийн шийдвэрлэлтээс тусдаа гэдгийг Б.Энхбаяр сайд онцолж байлаа.
Мөн 2025 онд 657 нэгж талбарыг дуудлага худалдаагаар олгож, 37.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд 180 нэгж талбарыг төсөл сонгон шалгаруулалтаар олгосон байна. Хүсэлт шийдвэрлэлтийг цаашид зөвхөн цахимжуулалтаар бус, батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, олгох газрын нөөц болон орон нутгийн байгууллагын ажлын хариуцлагатай уялдуулан сайжруулах шаардлагатай байна гэв.

Иргэнд газар өмчлүүлэх төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тухайд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс 2025 оны эцэс хүртэл улсын хэмжээнд 738,135 иргэнд нийт 73,689 га орчим газар өмчлүүлсэн нь хүн амын ойролцоогоор 20 хувьтай тэнцэж байна. 2026 онд 31,809 иргэнд газар өмчлүүлэхээр төлөвлөснөөс 10 дугаар сарын 19-ний байдлаар 11,433 иргэнд газар өмчлүүлсэн буюу жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 35.8 хувьтай байгаа аж.
Хэрэгжилт удааширч байгаа гол шалтгаан нь хот суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтэц, шаардлага хангасан газрын нөөцийн хүрэлцээтэй холбоотой байна. Тухайлбал, улсын хэмжээнд 73 сумын төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгүй байна. Нийслэлийн хувьд газар өмчлөлтийг хотын урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, шинэ суурьшлын бүс болон дэд бүтцийн шийдэлтэй уялдуулах шаардлагатай гэж мэдээлэлд дурджээ.
Газар чөлөөлөлт, нөхөх олговор, газрын давхардал, маргааны талаарх мэдээлэлд, нийслэлд 2023–2025 онд бүтээн байгуулалтын зориулалтаар 3,511 нэгж талбарыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлснөөс 3,478 нэгж талбарын нөхөх олговрыг бүрэн олгож, 33 нэгж талбарт нөхөх олговор олгох ажиллагаа тодорхой хугацаанд саатсан мэдээлэл байна. Сааталд баримт бичгийн бүрдүүлэлт, барьцаа, санхүүжилт болон шинэ байршил шийдвэрлэх зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Газрын эрхийн давхардал, хамгаалалтын бүс болон хот байгуулалтын төлөвлөлттэй холбоотой зөрчлөөс маргаан үүсэх тохиолдол байсаар байна. Үүнийг бууруулахын тулд газрын кадастрын мэдээллийг бусад салбарын мэдээллийн сантай уялдуулах, газар олгохоос өмнөх хяналтыг сайжруулах, үүссэн маргааныг хуульд заасан журмаар шуурхай шийдвэрлэхэд анхаарч байгааг мэдээлэлд дурджээ.
Газрын төлбөр, үнэлгээний тухайд, газрын төлбөрийн орлогоос 2023 онд 140.5 тэрбум, 2024 онд 142.2 тэрбум, 2025 онд 134.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Газрын төлбөр, үнэлгээг тогтоохдоо газрын байршил, зориулалт, дэд бүтцийн хангамж, ашиглалтын нөхцөлийг бодитой тусгахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжийн төлбөрийн ачааллыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай байгаа аж. Энэ хүрээнд газрын суурь үнэлгээ, төлбөр, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулж байна.
Цаашид иргэдийн газартай холбоотой эрхийг бодитой хэрэгжүүлэхийн тулд хүсэлтийн шийдвэрлэлтийг түргэтгэх, төлөвлөлттэй газрын нөөцийг нэмэгдүүлэх, салбар хоорондын мэдээллийн уялдааг хангах, давхардал болон маргаанаас урьдчилан сэргийлэх, газрын үнэлгээ, төлбөрийг ил тод, шударга болгох ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгааг Б.Энхбаяр сайд мэдээлэлд дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Б.Бейсен иргэдийн олонх газраа өмчилж чадахгүй байгааг дурдаад, газар өмчлүүлэх хугацааг сунгах, өмчилсөн газраа гадаадын иргэнд худалдсан тохиолдол бий эсэхийг, гишүүн М.Ганхүлэг мэдээллээс харахад таван иргэн тутмын нэг нь газраа өмчилж авсан байгааг дурдаад, газар өмчлөх асуудал удааширдаг шалтгаан нөхцөлийн талаар, гишүүн Г.Ганбаатар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа 2028 онд дуусах тул Засгийн газраас газрын харилцаатай холбоотой багц хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх, уг төсөлд газраа өмчилж чадаагүй иргэдийн асуудлыг хэрхэн тусгасныг лавлав.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуулгын хариутай холбогдуулан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ гэж хуульчилснаас хойш 23 жил өнгөрч байна. 2028.05.01-нд хуулийн үйлчлэх хугацаа дуусах гэж байхад зарим иргэн 10-20-иор, Б.Энхбаяр сайдын хэлснээр 100-гаар нь авсан байхад дийлэнх нь 07 га газраа ч авч чадаагүй байна. Хуулийн хэрэгжилт буюу иргэн бүр газар өмчлөх асуудлыг нийт хүн амтай харьцуулахад 20 хувьтай буюу үлдсэн 80 хувь болох таван хүн тутмын нэг нь газраа өмчилж аваагүй байгааг онцолж байлаа.
Үе үеийн Засгийн газар иргэдээ өмчтэй болгох асуудалд хойрог хандсан, хууль зөрчиж хориотой бүсэд хороолол босгож байгаа тул цаашид тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглуулах зөвшөөрөл өгч буй байдлыг таслан зогсоож, тэнд тооллого хийх хэрэгтэй гэлээ. Мөн эзэмших боломжтой, эзэмшиж байгаа болон хашаагаа барьсан 114 мянган нэгж талбарыг шууд өмчлүүлэхийг онцгойлон анхааруулаад, энэ асуудлаар маргааш УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулах саналаа оруулна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
