Нийслэлийн прокурорын газраас Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн/ХӨСҮТ/ ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.

Тодруулбал тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.09-ний өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Прокуророос хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Прокуророос Д.Нямхүүг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.