УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос “Нүүрсний сонсгол”-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцох хүсэлтээ илэрхийлсэн.

Хүсэлтэд, “Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна” гэжээ.

Үүний хариуд Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурор бол энэ хүн шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул шүүхийн шийдвэрийг бид өөрчилж чадахгүй гэж мэдэгдсэн” гэлээ.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн үс, цус, шээснээс өндөр тунтай хүнцлийн хор, хар тугалага илэрсэн талаар мэдээлсэн. Энэ талаар түүний хүргэн ах ” Б.Ганхуяг шүүхэд удаа дараа хүсэлт гаргаснаар  долоо хоногийн өмнө “Сонгдо” эмнэлэгт эрүүл мэндийн шалтгаанаар 3,4 хоног хэвтэн эмчлүүлж байх үедээ шинжилгээ хийлгэлээ. Маш ноцтой хариу гарсан. МУ-ын хэмжээнд эрүүл ахуй, хор судлалын лаборатори ганц байдаг. Энэхүү газарт Б.Ганхуягийн үс, цус, шээсийг шинжилсэн.

Шинжилгээгээр түүний үснээс нь 9.06 хувийн хүнцлийн хор илэрсэн. Энэ бол үхлийн маш өндөр тун. Мөн цуснаас нь хар тугалга илэрсэн.

Хүнцэл гэдэг нь эрт дээр үеэс хаадын хор гэж нэрлэгддэг химийн маш хүчтэй хор. Б.Ганхуяг гаднын нөлөөтэй хордсон байна. Тэрбээр 9 дүгээр сард шүүх дээр ноцтой мэдэгдэл хийснээс хойш биеийн байдал нь муудаж эхэлсэн. Гурван сар хүсэлтээ гаргаж, ийнхүү дүгнэлт гарлаа. Хүнцэл гэдэг хор нь 6 сарын дотор хүний бие эрхтэнд тархаж, аажмаар үхэлд хүргэдэг хор юм байна” гэв.