УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

УИХ-аас 1998.01.02-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталсан. Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойших 25 жилийн хугацаанд холбогдох байгууллага, иргэдээс гаргасан санал, хүсэлтэд үндэслэн 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Цагаатгуулах тухай өргөдөл гомдол хүлээн авах хугацаа 2020.12.31-ний өдрөөр дуусгавар болсон ч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд, холбогдох төрийн бус байгууллагуудаас хуулийн хугацааг сунгах хүсэлтийг ирүүлсээр байгаа аж. Одоогийн байдлаар 200 орчим иргэнээс өөрийн гэр бүл, төрөл төрөгсдийг цагаатгуулж, нэр төрийг сэргээлгэх тухай өргөдөл, гомдол, хүсэлтийг гаргаад байгааг  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа хэллээ.

Цагаатгуулах тухай гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул иргэдээс ирсэн цагаатгуулах тухай өргөдлийг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, анхан шатны шүүхүүд хүлээж авахгүй байгаа боловч архивд хадгалагдаж байгаа улс төрийн хилс хэрэгт хамааралтай хэргүүдийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаар байна. 1922 оноос 1990 оныг хүртэл нийтдээ 36,000 орчим хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэх тоо баримт байдаг бөгөөд одоогийн байдлаар 31,460 иргэн хуульд заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр цагаатгагджээ.

Нийт хэлмэгдсэн иргэдийн дийлэнхийг цагаатгаад байгаа боловч тодорхой нөхцөл байдал, учир шалтгааны улмаас цагаатгуулж амжаагүй иргэдийн эрхийг хуулийн хугацаагаар хязгаарлах нь зохимжгүй гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх тэгш байдлыг хангах үүднээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулах өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг 2023.01.01-ний өдрөөс 2024.12.31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.