УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.12.11/ хуралдаж, 3 асуудал хэлэлцжээ.

УИХ-ын 2024 оны тойрог, мандат, товын талаар бүлгийн гишүүд мэдээлэл сонсч, санал солилцон, асуулт асууж нэгдсэн шийдвэр гаргасан талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. 

Сонгуулийн тухай хуулиар тойрог, мандатын тоог хоёрдугаар сарын 1-ээс өмнө тодорхой болгох ёстой. МАН-ын бүлэг УИХ-ын тойргийг шийдвэрлэхдээ 2019, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг “амилуулж” чадах сонгуулийн тогтолцоо байх шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, Монгол Улсын хөгжлийг нэг төвтэй биш хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, мөнгөний нөлөөлөл, нутаг усны талцлаас ангид байх ёстой гэж үзээд сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулахыг бүлгийн гишүүд дэмжлээ. Цаашид бусад улс төрийн намуудтай хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж, зөвшилцөлд хүрснээр шийдвэрлэх нь зүйтэй гэж МАН болон УИХ-ын удирдлагуудад чиглэл болгосон байна. 

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хуулиараа хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, сонгуулийн товтой холбоотой асуудлаар УИХ тогтоол гаргадаг бөгөөд сарын дараа энэ хугацаа дуусна.  Одоо мөрдөж буй хуулиар улсын хэмжээнд 76 мандаттай, 29 тойрог байгаа.

2024 оны сонгуульд ямар тойргоор орох вэ гэдэг нь чухал асуудал. Сонгуульд нөлөөлдөг мөнгө, нутаг усны зэрэг хүчин зүйлсийг байхгүй болгох хэрэгтэй. Улс орноо бодсон сонгуулийн том тойрог хэрэгтэй гэж үзэж байгаа учир бүсчилсэн тойрог болгох асуудлыг судалж, бусад улс намтай зөвшилцөж, санал авсны үндсэн дээр шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү зөвшилцөөд, санал боловсруулж оруулж ирэх чиглэлийг намын болон УИХ-ын удирдлагуудад МАН-ын бүлгийн зүгээс чиглэл болгосон шийдвэр гаргалаа” гэв.

Мөн хурлаар Завхан аймагт өчигдөр эрчим хүчний гэмтэл гарч 21 сум цахилгаангүй болсон асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулга тавьж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авчээ. Одоогийн байдлаар бүх сумыг тогтой болгох арга хэмжээ авчихсан байгаа юм байна.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын шатахууны эрэлт хэрэгцээ, хангамжийн талаар мэдээлэл сонссон байна. Бүлгийн гишүүд шатахууны хангамж, нийлүүлэлтэд онцгой анхаарч, дотоод зохион байгуулалтыг сайжруулах чиглэл өгчээ.