УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын хэмжээнд дизель түлш, авто бензин олголт зогсож, нөөцгүй болсонтой холбогдуулан дизель түлш, авто бензиний нөөц, татан авалттай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүсээс авчээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэдэг шиг эрх баригчид, Уул уурхайн яамны шийдвэрийг хараад Монголчууд маш хүнд байдалд орчихлоо. Хоёр сар гарангын өмнө хомсдол үүслээ гэж ярьж байсан өнөөдөр бахь байдгаараа байна. Сайдын өгч байгаа тайлбар бүгд адилхан. Өнөөдөр энэ албан тушаалтнуудын амнаас шийдэл сонсов уу?

Улаанбаатар хотод таван цаг дугаарлаад АИ95 бензинийг 4000 төгрөгөөр авч байна. Хөдөө орон нутагт дизель түлш бүр олдохгүй “төөрөг нь мэдэг” гээд малаа орхиж байна.

Зуд болж байгаа аймгууд, хөдөө орон нутагт бүүр хүнд байна. Малынхаа араас явж чадахгүй байна. Хэдэн боодол өвс явуулъя гэхэд түүнийг нь аваад явах түлштэй машин алга.

Шатахууныг байлгахгүй байж байгаад түгжрэлээ шийдээд, автомашины яндангаас гарч байгаа утааг багасгаад агаарын бохирдлын асуудлаа шийдэх гэж байгаа юм биш биз дээ гэдэг хардлага хүртэл байна.

Нэг тонн шатахуун ачаад явж байгаа хүн дамлах гэсэн хэрэгт ороод шалгагдах юм байна. Ард иргэдийг ахиад л хянадаг шалгадаг байдал руу гаа орох гэж байна. 60 гаран сая тн нүүрс экспортод гаргаснаас болж түлшний хомстолт орлоо гэж байна. Энэ асуудлыг хариуцсан тооцоо судалгаа гэж байдаггүй юм уу?” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ашигт малтмалын дарга өндөр үнэтэй шинэ жилд ороод явахын оронд Бичигтийн боомтоор ажлын хэсгээ дагуулаад бодлого ярьж ажиллаж байх ёстой
Иргэдэд шатахуун түлш олдохгүй, бүх зүйл тэг зогсолт руу явж байхад хоёр сарын өмнөх хариултаа хэлсээр яваад байж болохгүй. Нүүрс экспортолж орлого олох нь чухал ч 70 сая малыг орхиж болохгүй

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Дэлхийн одууд нууцаар ирсэн VIP арга хэмжээ болсон байна. Энэ арга хэмжээн дээр Ашигт малтмалын газрын тосны асуудал хариуцсан газрын дарга бүжиглээд явж байна. Ард түмэн бухимдаад явж байхад асуудлыг нь хариуцсан газрын дарга нь өдөр шөнөгүй ажиллаж байж ард түмнээ бензин шатахуунтай залгуулах ёстой. Энэ бол монгол төр асуудлаа хэрхэн шийдэж байгаагийн дүр төрх байна” гэв.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, зарим аймгууд зудын түвшинд хүрсэнтэй холбогдуулан мэдээлэл сонсохоор УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд урилга хүргүүлсэн ч ирсэнгүй