Томуугийн өвчлөлийн эсрэг хариу арга хэмжээний талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Ж.Байгалмаа “2023.12.12-ны байдлаар 2.345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа бол эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд байгаа. Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу идэвхжлийн түвшинд байна.
Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шатандаа шилжсэн байдалтай байгаа юм байна. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй. Эмнэлэгт хэвтэж байгаа 8.610 үйлчлүүлэгчдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэн үйлчлүүлж байна.
Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа. Мөн Коронавирус болон томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгэсэн хэвээр байна.
Хятад, Солонгост дээрх вирусүүд мөн адил өргөн тархалттай байгаа. Томуугийн улирал Арванхоёрдугаар сарын сүүл, Нэгдүгээр сарын дунд орчим хүртэл нэлээд өндөр хувьтай үргэлжлэх учир олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаахыг зөвлөж байна” гэлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга М.Оюунчимэг “2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхайг багийг байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2,126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэжээ. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг татан авсан.
Өнөөдрийн буюу энэ сарын 12-ны байдлаар 2,345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд эмчлүүлж байна.
Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлэхээр ирсэн хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө авч өрхийн эмнэлгийн хяналт дор гэртээ эмчлүүлж байна.
Энэ сарын 11-ний байдлаар түргэн тусламжийн 1,413 дуудлага иржээ. Үүнээс хүүхдийн өвчлөлтэй холбоотой 483, томуу, томуу төст өвчний 238 дуудлага ирснээс 4.6 хувийг эмнэлэгт хэвтүүлжээ.
Томуу, томуу төст өвчин, КОВИД-ын буюу амьсгалын замын халдварт өвчний үед иргэн хоорондын зай барих, амны хаалт зүүх, гараа угаах дүрмээ баримтлахыг зөвлөе.
Нярай хүүхэд, ахмад настай хүмүүс болон гэр бүлийн гишүүддээ томуугийн халдвар тараахгүй байх нь чухал.
Эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн хүлээн авах тасагт удаан зогсох нь эрүүл мэндийн байгууллагаас томуугаас өөр төрлийн вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. Тиймээс амбулаторийн тасгийг ажиллах цагийг уртасгасан.
Нийслэлийн түргэн тусламжийн 103 утсаар иргэдэд зөвлөгөө өгөх шугамыг нэмэгдүүлсэн” гэлээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа “Хүүхдийн дархлаа их онцлогтой учраас сайн унтуулж, хооллон хэт дааруулж, халууцуулахгүй байх зөвлөмжийг дагах шаардлагатай.
Мөн танай хүүхэд ханиадны шинж чанартай бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр гэрт нь эмчилгээг нь хийж дааруулахгүй, сайн хооллож амраахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна” гэв.